Үнэгүй зорчих эрхийн бичиг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас сумынхаа алслагдсан багт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэднийг асран халамжилдаг хүмүүст зорчих эрхийн бичиг гардууллаа.
Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрийг тохиолдуулан энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Тус зорчих эрхийн бичгээр энэ сарын 1-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал бүтэн нэг сарын хугацаанд “Сэлэнгэ үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих аж. Энэхүү “Сэлэнгэ үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын нийтийн тээвэр нь одоогоор Сүхбаатар сумын “Хонгорморьтын” 1-р баг, “Буурхээрийн” 8-р багийн чиглэлд явдаг юм. дээрх хоёр багаас тус бүр 5 иргэнд энэхүү “Сэлэнгэ үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийн бичгийг сумын Засаг дарга Т.Гантулга, Засаг даргын орлогч М.Тэмүүлэн, ЗДТГ-ын дарга Д.Энхзаяа, “Сэлэнгэ үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын дарга О.Баатарцогт нар гардуулан өглөө.
Эрхийн бичиг гардаж авсан иргэд дүн өвлийн хүйтэнд хүүхэд багачуудаа цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөх, ар гэрийнхээ хоол хүнсийг дөхүүлэх, төр захиргааны болон эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэх зэргээр төв рүү орж ирэхдээ үнэгүй унаагаар нэг сарын хугацаанд үйлчлүүлэх болсондоо чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
Ч.Отгонцэцэг