Хүүхдүүд тархиндаа бодсоноо зургаар илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭОлон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Сүхбаатар сумын ЗДТГ-аас "Надад мөрөөдөл бий" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааныг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа.
Уралдаанд нийт 25 сурагч оролцож, хүүхэд насны хүсэл мөрөөдлөө, ирээдүйн зорилгоо цаасан дээр буулган өрсөлдлөө. Энэхүү “Надад мөрөөдөл бий” гар зургийн уралдааны тэргүүн байранд сурагч н.Пүрэвбат, дэд байранд сурагч н.Хосбилэг, гуравдугаар байранд н.Дэлгэрдалай, тусгай байранд н.Төрболд, н.Хүслэн нар тус тус шалгарч гарын бэлгээр шагнууллаа.
Мөн аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас уралдаанд амжилттай оролцсон сурагч н.Тэлмүүн, н.Гантогтох, н.Эрдэнэхуяг нарт дурсгалын зүйл гардуулсан юм. Уралдаанд оролцсон хүүхдүүд бүтээлдээ эмч, дизайнер, загвар өмсөгч, мянгат малчин гээд ирээдүйд хэн болох, хэн болмоор байгаагаа илэрхийлсэн байна. Тэд эх дэлхийгээ, байгалиа хайрлах, орон нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх, томчуудыг хотыг биш хөдөөг зорихыг уриалсан санааг зургаараа илэрхийлсэн байлаа.
Ч.Отгонцэцэг