Хүрэн баавгай агнасан хэргийг аргагүй хамгаалалт гэж үзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-05 13:38:20

Баян-Өлгий аймгийн Алтай сум дахь улсын тусгай хамгаалалттай газар, Монгол Улсын баруун хил дээрх Ёлтын хавцалд ховор ан, баруун нутгийн цорын ганц хүрэн баавгай буудан хороосон тухай МОНЦАМЭ агентлаг ноднин мэдээлсэн билээ.

Тэр нутгийн байгаль хамгаалагчтайгаа буу зэвсэгтэй долоон хүн оролцсон гэгдэх уг хэрэгт 2015 оны 10 сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэгдэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасаар мөн саяхан буюу бүтэн жил өнгөрсөний дараа 2016 оны 11 сарын 18-нд аймгийн прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байна. Яллагдагчид  долуулаа морьтой явж байгаад баавгайг буудаж, арьсыг нь хуулж, 31,4 кг мах, хоёр саванд хийсэн цус, өөх, цөс, дөрвөн сарвуу зэрэг эд эрхтнүүдийг нь тээвэрлэж явсныг Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 0147 дугаар салбарын заставын дарга Ц.Бат-Эрдэнэ нарын дөрвөн албан хаагч саатуулан, ангийнхаа захирагчид мэдээлсэн байна. Хэрэг 10-р сарын 11-нд гарсан ч ХЦ-ийн 0165-р ангийн хариуцлагатан энэ талаар мэдээлээгүйгээс цагдаагийн байгууллагад 10-р сарын 15-нд мэдээлэл хүрчээ. Долоон хүний гурав нь буутайн дээр баавгайн биенд гурван сум туссаныг яг аль бууных болохыг сайн тогтоогоогүй учир тэр долоогийн нэг нь болох К.Смагулын би ганцаараа явж байгаад дайрч ирсэн саарал өнгийн амьтанг гурван удаа буудсан гэсэн мэдүүлгээр л «бүлэглэн агнасан нь хангалттай нотлогдоогүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна» гэж тэмдэглээд, түүгээрээ шийдвэрлэсэн байна.

Гэхдээ хэргийг ХЦ ангийнхан яагаад хугацаа алдагдуулав? Монгол Улсын «Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай» хуулийн 12-р зүйлийн 12.7-д «Тусгай хамгаалалттай газар нутагт нохой дагуулж, буу авч явахыг хориглоно» гэж заасан байхад гурав нь Карбин, Сайга, ТОЗ-8 маркийн гурван буутай тэр долоон хүн зүгээр зугаалж явсан гэмгүй хүмүүс байв уу?  гэдэг асуудал гарч байна.

Баавгайн үнэ 13 сая төгрөг байдаг. 6,5 саяыг нь тэд төлсөн байна. Үлдсэнийг нь төлөх үү эсвэл хэрэг хэрэгсэхгүй болсон, аюултай араатан устгагдсан нэрийдлээр тэд хураалгасан буу зэвсэгээ буцааж авсаны нэгэн адил өгсөн мөнгөө буцааж аваад, дээр нь шагнал хүртэх болов уу?.

Ш.Айзаря

Related news