Эцэг эхчүүдтэй хамтран сорилго шалгалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-07 15:21:18

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД лаборатори 4-р сургуулийн захиргаанаас эцэг эхчүүдийнхээ оролцоотойгоор төгсөх ангийн сурагчиддаа тавих анхаарлаа эрчимжүүлэх нэгэн ажлыг зохион байгууллаа.

Энэ нь эцэг эхчүүдтэй хамтран явуулж байгаа сорилго шалгалт бөгөөд өчигдрөөс эхлэн явуулж байгаа тус арга хэмжээ энэ баасан гарагийг дуустал зохион байгуулагдана. Сургуулийн зүгээс төгсөх ангийн нийт 88 хүүхдийн мэдлэг, чадварын түвшинг тогтоох, ирээдүйн ажил мэргэжил, амьдралын чухал асуудлыг шийдэх ЭЕШ-д бэлтгэн дадлагажуулах, мөн хариуцлагажуулах зорилгоор энэхүү арга хэмжээг явуулж байгаа гэнэ. Энэхүү сорилго шалгалтууд Монгол хэл бичгийн нийтийн шалгалтаар эхэлж, математик, англи хэл, нийгмийн ухаан гэсэн хичээлүүдээр үргэлжлэн зохион байгуулагдах юм.

Сургалтын менежер н.Алтанцэцэг, ”Сорилт шалгалтын үр дүнд хүүхдүүд ямар асуудал дээр анхаарах, цаашид гүнзгийрүүлэн өөрийгөө бэлтгэх урьдчилсан мэдэгдэхүүнтэй болохоос гадна амьдралынхаа чухал алхмыг хийх гэж буй энэ үед эцэг эхчүүдтэйгээ хамтран хүүхдүүддээ анхаарлаа хандуулья гэж зорьсон” хэмээн ярилаа. Сорил шалгалтыг тус сургуулийн сургалтын менежерээр ахлуулан төгсөх ангийн багш нар, шалгалт өгөхөөр сонгогдсон мэргэжлийн багш нар, мөн төгсөх ангийн сурагчдын эцэг, эхчүүд хамтран зохион байгуулж байна.

Ч.Отгонцэцэг

Related news