Туркийн дэмжлэгээр хүүхдийн хүлээн авах яаралтай тусламжийн тасаг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-07 15:26:09

Турк улсын зүгээс Сэлэнгэ аймгийн Засаг даргатай хамтран ажиллах хоёр дахь хэлэлцээрт энэ сарын 5-ны өдөр гарын үсэг зурлаа.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Турк улсаас хэрэгжүүлж буй TIKA /Туркийн хамтын ажиллагааг зохицуулах агентлаг/-ийн хөтөлбөрийн Улаанбаатар хот дахь зохицуулагч Вэйсэл Чифтжи нар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн хүлээн авах яаралтай тусламжийн тасаг байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол аймгийн Засаг даргын хурлын танхимд болсон юм. 

Энэхүү гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “ямар нэг асуудлыг маш хурдтайгаар шийдвэрлэж, ажил хэрэг болгож байгаа тус хөтөлбөрийн хамт олонд талархалаа илэрхийлье” гэлээ. Өмнө нь тус Тика хөтөлбөрөөс Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зөгийн зоорь барих хэлэлцээрт гарын үсэг зураад байгаа юм.

Туркийн хамтын ажиллагааг зохицуулах агентлагийн хөтөлбөрийн зохицуулагч Вэйсэл Чифтжи “Манай байгууллагын зүгээс энэ жил Сэлэнгэ аймагт хоёр хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж байна. Бид энэ ондоо багтаагаад ажлаа шуурхай эхлүүлнэ. Ирэх онд бүх зүйлийг бүрэн гүйцэд хийж, хүлээлгэн өгөх болно. Мөн чанартай, үр дүнтэй, өгөөжтэй ажил байх болно” хэмээлээ.

Эл төсөл нь УИХ-ын гишүүн Н.Оюундарийн дэмжлэгтэйгээр ийнхүү хэрэгжих боломжтой болоод байгаа юм.

Ч.Отгонцэцэг

Related news