Хариуцлагатай өндөр ургац хураасан комбайнчдаа автомашинаар урамшуулсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-09 20:07:30

Энэ жил Сэлэнгэ аймгийн Хушаат сумын тариаланчид түүхийн их өртөөндөө алтаар бичигдэх амжилтын эзэд болцгоосон юм. Тэд аймагтаа төдийгүй Монгол Улсдаа тэргүүлж нийт 35009 тн буюу нэгж га-гаас 24.1 цн ургац хураан авсан амжилтыг үзүүлээд байгаа. Энэхүү амжилтын бас нэгээхэн хэсгийг үүрэлцэж яваа “Өгөөж Мандал-Уул” ХХК-ийн захирал Б.Пүрэвсүрэнтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Юуны өмнө танд болон танай хамт олонд арвин их ургацын эзэд болж, түүхэн амжилтын алтан хуудсанд нэрээ мөнхөлсөнд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Тиймээ. Энэ бол Хушаат сумын иргэд бид бүгдийн баяр. Энэ жил манай сум ургац хураалтаараа аймагтаа төдийгүй Монгол Улсдаа тэргүүлсэн амжилтыг үзүүлж, нийт 35009 тн буюу нэгж га-гаас 24.1 цн ургац хураан авч түүхэндээ маш том амжилтыг гаргалаа. Үүний дотроос манай “Өгөөж Мандал-Уул” ХХК-ийн хамт олон 1700 га-д улаан буудай тариалж, 5627 тн буюу нэгж га-гаас 33.1 цн ургац хураан авч үнэмлэхүй амжилтыг үзүүллээ. Энэ мөчид манай компанийн 10 жилийн ой тохиож байна. Бид 10 жилийн түүхэндээ газар тариалангийн салбарт нэгэн шинэ хуудсыг нэмлээ. Манай компанийн га-гийн дундаж ургац 33.1 цн байгаа нь маш том амжилт шүү.

-Та компанийнхаа амжилтаас дурдаач. 10 жил гэдэг бол ажил хийсэн хүнд бага хугацаа ч, түүхийн жимээр бол багагүй хугацаа юм шиг санагддаг?

-Манай компани 2006 онд байгуулагдсан. Бид 2011 онд “Улсын тэргүүний тариаланч хамт олон” болж байлаа. Бид цаг уурын ямар ч нөхцөлд ургац алдаж байгаагүй. Энэ маань бидний бас нэгэн ололт юм даа. Уриншаа боловсруулах, тариалалтаа чийг, хугацааг нь тааруулж хийхээс эхлээд л бидний хөдөлмөрийн үр дүнг намрын ургац харуулдаг. Манайд туршлагатай олон сайхан хүмүүс ажиллаж байгаа нь өнөөдрийн амжилтыг авчирч байгаа юм.   

-Сүүлийн үед нийгмийн хариуцлага гэдэг зүйлийг ихэд ярих болж. Хараад байхад танай компани энэ зүйлийг нэлээд ажил хэрэг болгож, бодит амьдралд хэрэгжүүлж байгаа бололтой?

Тиймээ. Манай компани нийгмийн хариуцлагаа маш ухамсартайгаар хэрэгжүүлж байгаа гэж бодож байна. Бид Хушаат сумын төр төсвийн байгууллагууд болох эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон ахмадын байгууллагад тодорхой хэмжээний тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ дотроо бид өөрсдийн ажилчдынхаа нийгмийн асуудлыг нэлээд шийдвэрлэсээр ирсээн. Тухайлбал ажилчдаа орон сууцаар хангах, гэрээр хангах гээд томоохон дэмжлэгүүдийг үзүүлж байгаа. Энэ жил бид түүхэндээ том амжилтыг үзүүллээ, мөн компанийн маань 10 жилийн ой тохиож байгаа учраас ажилчдаа унаатай болгох тал дээр нэлээд чармайлт гаргасан. Ингээд үнэхээр сайн, хичээл зүтгэл гарган ажилласан 6 ажилчнаа Прусс маркийн автомашинаар шагналаа.

-Эдгээр хүмүүс тань ямар ажлын амжилт гаргав. Хэр олон жил ажилласан хүмүүс байгаа вэ?

Энэ шагнал бол ажилчдын хийж бүтээсэн үйл хэргийг, газар тариалангийн энэ хүнд салбарт хөлс, хүчээ дуслуулан ажилласан зүтгэлийг нь үнэлсэн том үнэлэмж гэж бодож байна. Ингэж хүмүүсээ бодит зүйлээр, өөрсдийнх нь амьдралд нэн шаардлагатай зүйлсээр урамшуулж байгаа нь тэдэнд ажиллах урам өгөхөөс гадна, цаашид ажиллах эрч хүч, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж байгаа хэрэг л дээ. Энэ урамшуулалд маань өөрийн хариуцсан комбайнаараа хариуцлагатай өндөр ургац хураасан комбайнч Н.Жаргалбат, н.Ганбат, н.Энхбаяр, н.Галбадрах, Ж.Отгондорж, Д.Пүрэвтовуу, С.Наадам нар байгаа. Эдгээрийн 5 комбайнч нь манай компанийн ажилчид, С.Наадам маань “Хайрхан уул” компанийн комбайнч байгаа. Энэ жил энэ компанийн 20 жилийн ой мөн давхцаж байгаа юм. С.Наадам бол энэ компанитай салшгүй холбогдсон, 20 жил хөдөлмөрөө зориулж яваа тэргүүний тариаланч л даа. Манай хүмүүс ч ялгаагүй. Мөн л компанидаа 10 жил зүтгэж яваа хөдөлмөрч залуус.

-Ажлын байр нэмэгдүүлэх тал дээр таны зүгээс ямар бодлого баримталж явдаг вэ?

Бид ихэвчлэн орон нутгаасаа тэр дундаа ажилгүй байгаа иргэдээс авч ажиллуулах бодлого барьдаг. Одоо ажиллаж байгаа ажилчдаа цаашид тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр их анхаарч байгаа. Ажлын амжилт, тогтвор суурьшлын асуудал бол ажилчдаас өөрсдөөс нь ихээхэн шалтгаалдаг юм. Мөн тэдний хичээл зүтгэлээс. Манай компани ажилчдынхаа ажиллах нөхцөл бололцоог бүрэн дүүрэн хангаж, цаашид нийгэмд үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг нь сайн бүрдүүлж өгдөг.

-Таны хувьд дан ганц “Өгөөж Мандал-Уул” ХХК-ийн захирал бус, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч хүн. Удаа дараа сумынхаа иргэдийн итгэлийг хүлээж сонгогдож байгаа. Ирэх 4 жилд энэ хүмүүсийнхээ төлөө, Хушаат нутгийнхаа төлөө юу хийхээр сэтгэлээ чилээж явна даа?

Өнгөрсөн хугацаанд миний бие 3 удаа Хушаатын ард иргэдийн итгэлийг хүлээж аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллажээ. Энэ хугацаанд би Хушаат сумынхаа төлөөлөл иргэдийн дуу хоолой нь болон сууж байгаагийн хувьд сумын ард иргэдэд хэрэгцээтэй, шаардлагатай хөрөнгө оруулалтыг аймгаас татах, орон нутагтаа хийх ажлуудыг нэлээд хийж ирлээ. Тухайлбал хамгийн томоохон ажил гэвэл Хушаатчууд олон жил хүсэн хүлээсэн Орхон гол дээгүүрх 245 м бетонон гүүрийн зураг төсөв, хөрөнгө оруулалтыг шийдүүлж бариуллаа. Хүмүүс голоор гарахад маш хүнд нөхцөлийг туулдаг байсан шүү дээ. Одоо ирэх 4 жилд миний бодож төлөвлөсөн, мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хэд хэдэн ажлууд бий. Тухайлбал орон нутгийнхаа иргэдэд зориулж соёл, спортын төвтэй болгох том ажил байгаа. Бид ургацын баяраа хийх гээд соёлын төвдөө багтахгүй байгаа. Мөн Хушаат сумын төвөөс Орхон голын гүүр хүртэл 6.5 км газрыг засах гээд их ажил бий. Энэ ард түмний төлөө сонгогдсон учраас цаашид хийж бүтээх бололцоо, ямар л арга зам байна, түүнийгээ ашиглан зүтгэнэ ч ажиллана гэсэн зорилготой байгаа. Ингээд Хушаатчууд та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ч.Отгонцэцэг

Related news