Урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор сумдад ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр нэлээд олон ажлыг санаачлан хэрэгжүүлээд байна.
Тухайлбал хөдөө орон нутгийн иргэдэд энэ чиглэлээр мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор саяхан Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбат, Архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Т.Цэрэнбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүү нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хүдэр суманд ажиллажээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус суманд ажиллахдаа сумын Засаг дарга, түүний орлогч нартай ажлын уулзалт хийсэн байна. Уулзалтаар тус сумын нутаг дэвсгэрт самар түүхээр явж байгаад төөрч, сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажлыг эрчимжүүлэх, хууль бусаар байгалийн баялаг, самар түүж байгаа иргэдэд тавих хяналтыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ.
Мөн иргэдийн дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, хууль бусаар ашигт малтал олборлогч нартай тэмцэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах тухай санал солилцсон байна. Дээрх бүрэлдэхүүн ажиллах явцдаа самар түүж буй иргэдтэй уулзаж, төөрөх, хөлдөж осгохоос сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, зурагт хуудас тарааж, архидан согтуурахын хор уршиг, самарт явж байхдаа өөрсдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад анхаарах асуудлын талаар яриа таниулга хийсэн аж. Түүнчлэн Хүдэр суманд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа хүнсний дэлгүүр, баарны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зурагт хуудсыг байршуулж, иргэдэд дээрх сэрэмжлүүлгийг тараан ажиллажээ.
Ч.Отгонцэцэг