9 сум цагаан зудтай, 2 сумын нутаг зудархуу байдалд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-15 16:15:33

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Зүүнбүрэн, Хушаат, Шаамар, Ерөө, Хүдэр зэрэг нийт 9 сум цагаан зудтай, 2 сумын нутаг зудархуу байдалд байгаа. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын хэмжээнд өвөлжилт хэр байгаа, өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаар тус сумын Засаг дарга Б.Энхбатаас тодрууллаа.

-Баянгол сумын ард иргэд өвөлдөө хэр бэлтгэв. Өвөлжилт ямархуу байна вэ?

-Манай сумын хувьд энэ зун байгаль, цаг уурын байдал боломжийн хадлан тэжээлийн ургац ч арвин байсан учир өвс тэжээлээ сайн бэлтгэж авсан. Тухайлбал, 14000 тн байгалийн хадлан, мөн малчид маань 2000-3000 тн бизнесийн хадлан илүү бэлтгэж зах зээлд нийлүүлсэн. Манайх жил бүр 3000-гаас доошгүй боодол өвс, 10-аас доошгүй тн тэжээлийн будааг сумын фонддоо гамшгийн сангаасаа бүрдүүлдэг. Энэ жил ч энэ жишгээр ажиллаж, 14 тн тэжээлийн будааг нөөцөлсөн. Үүний 50 хувийг тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хандивласан байгаа. Өнөөдрийн байдлаар цасны зузаан 15-25 см, цасан бүрхүүлтэй байна. Мөн нэмж хэд хэдэн удаа цас орж, шуурч, огцом хүйтэрсэн тул бэлчээр хүндэрч эхэлсэн. Иймээс тухайн байдалтай холбогдуулан болзошгүй аюулаас урьдчилэн сэргийлэх талаар малчиддаа сэрэмжлүүлэг өгч, өвс, тэжээлийг сумын фонддоо нэмж нөөцөллөө. Баянгол сумын хэмжээнд 150 мянган мал өвөлжинө. Гэхдээ гадны  Шарын гол, Мандал, Сүмбэр сумын 90-ээд мянган толгой мал манай нутагт өвөлжиж, нийтдээ 190-ээд мянган толгой мал байна. Үүний дээр бид цаг уурын хүнд байдлыг даван туулах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс сумын ИТХ-ынхантайгаа хамтран шийдвэрлэж, сумынхаа “Бороо сан"-гаас хөрөнгө гаргахаар болсон. Манай сумын "Бороо сан"-д малчдад олгох 20 сая төгрөгийн зээлийн сан байдаг.  Энэ сангаасаа малчдад олгох өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлж, Дархан хотоос 20 тн хивэг авсан. Үүнийгээ онцгой тохиолдолд малчиддаа зээлээр олгоод ирэх жил ноолуурын үнээс нь суулгаж авах юм. 

Ч.Отгонцэцэг

Related news