Бэлгийн хүчирхийллийн талаар мэдээлэл авах тусгай дугаарт 1700 гаруй дуудлага иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-12-16 12:16:48

ЛОНДОН. /FPA/. Английн хөлбөмбөгт газар авсан бэлгийн дарамт хүчирхийллийн золиос болсон хүмүүст туслах зорилгоор нээсэн телефон утасны тусгай дугаарт 3 долоо хоногийн дотор 1700 гаруй дуудлага ирсэн байна.

Хөлбөмбөгчин байсан Энди Вүүдвэрд "Crewe's" академид суралцаж байхдаа дээрх төрлийн дарамтад өртөж байсан тухайгаа ярьсны дараа хүүхэд хамгаалах байгууллага болон Английн Хөлбөмбөгийн холбоо уг тусгай телефон утсыг нээжээ.

Э.Вүүдвэрд уг хэргийг илчилснээр хүүхэд ахуйдаа хүчирхийлэлд өртөж байсан хохирогчид олноороо хуулийн байгууллагад хандах болсон байна. Одоогийн байдлаар, хөлбөмбөгийн 98 клубт ажиллаж байсан 83 сэжигтэнг олж тогтоогоод байгаа аж.  

12 дугаар сарын 13-ны байдлаар Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах үндэсний нийгэмлэг /NSPCC/ 1767 дуудлага хүлээн авснаас үзэхэд энэ тоо цаашид өсөх бололтой.

NSPCC-ийн тэргүүн Петр Ванлес ярихдаа “хүүхэд байхдаа бэлгийн дарамтад өртөж байсан олон зуун хүн удаан хугацаанд энэ талаар  ярихгүй явсаар өдийг хүрчээ. Харин одоо тэднийг сонсч, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгийг мэдэж авснаар олон хүн үгээ хэлэх боломжтой болсон нь сайшаалтай хэрэг ” гэжээ.

Энэ долоо хоногийн эхээр хотын цагдаагийн газар хөлбөмбөгийнн 30 клубтэй холбоотой 106 гомдлыг шалгаж байгаа аж.

Х.Сарнай

 

Related news