Алба хаагч бүр нэг бүтээлч ажил санаачлан хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-16 13:21:05

Ажиллаж хөдөлмөрлөж байгаа орчин нөхцлөө тохижуулахад бүтээлч шинэ зүйл санаачлан хийх аяныг аймгийн МХГ-ын хамт олон дотроо өрнүүлж байна. Алба хаагч бүр байгууллагадаа хэрэгтэй шинэлэг зүйл санаачлан өөрийн гараар хийж бүтээх нь чухал ажээ.

Алба хаагчдын санаачлан хийсэн зүйл түрүүчээсээ байгууллагынхаа өнгө төрхийг шинэчилж эхэлсэн байна. Тухайбал МХГ- ын дарга Ш. Төрбат байгууллагынхаа таних тэмдгийг томоор хийж, гадна ханандаа байршуулсан бол Боловсрол, соёлын улсын байцаагч Л. Ганбат цас, шороо хусахад зориулан дугуйтай хүрз хийжээ. Түүнчлэн нийгмийн хамгааллын улсын байцаагч Б. Буяндэлгэр мэдээллийн самбаруудаа шинэчилж, хүнсний чанар стандартын улсын байцаагч Б. Найсүрэн хөлийн гишгүүр урлан тавьсан бол эмбио бэлдмэлийн улсын байцаагч Ц. Бямба байгууллагаа цэцэгжүүлж, Сорилтын лабораторийнхан цонхнуудаа ялаа шумуулаас хамгаалах тортой болгон алсын зайнаас цонх нээгчийг санаачлан хийжээ.

Бүтээлч ажил үүгээр зогсоогүй үргэлжилж байгаа бөгөөд ажлын байрныхаа тохь тухыг заавал төсөв мөнгө харалгүй өөрсдийн санаачилгаар ийнхүү сайжруулж байгаа нь бусад байгууллагуудад үлгэр жишээ болохоор байна.

Т. Отгонтуяа         

 

Related news