ХКН-ын удирдах албан тушаалтан авлигын хэргээр шийтгүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭБЭЭЖИН./TASS/. Хятадын Коммунист намын Юньнань мужийн хорооны орлогч даргаар ажиллаж байсан Цю Хэ-д 24 сая юанийн /3,45 сая доллар/ хээл хахууль авсан хэргээр 14 жил 6 сарын хорих ял оноожээ.
Шүүхийн тогтоолд “Цю Хэ нь албан тушаалаа урвуулан ашиглаж, гуравдагч этгээдүүдийн эрх ашигт нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж, хүний нөөцийг томилж байсан” гэж дурдсан байна. Түүнээс гадна, Цю Хэ-гийн 2 сая юанийн /288 мянган доллар/ хөрөнгийг хураах шийдвэр гаргажээ.
Өдгөө 59 настай энэ хүн 2007 онд Юньнань мужид ирж, Кунмин хотын намын хорооны даргын албыг хашиж байгаад 2011 онд мужийн намын хорооны орлогч даргаар томилогдсон байна.
2012-2013 онд Си Жиньпин тэргүүтэй удирдагчдын “5 дахь үе” Хятад улсын засгийн эрхэнд гарснаас хойш тус улсад авлигатай тэмцэх кампанит ажил өрнөж байгаа билээ.
Х.Сарнай