Ахмад мастерууд 2016 онд одтой байж нийт 71 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-17 16:38:27

Монголын спорт сонирхогч мастеруудын холбоо /МССМХ/-ны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатартай уулзаж тус холбооны ажил үйлсийн талаар сонирхлоо.

- Улиран одож буй 2016 онд МССМХ-ны спортын амжилтын талаар сонирхуулна уу?

-Монголын спорт сонирхогч мастеруудын холбоо өнгөрсөн онд байгуулагдсан. Энэ жил спорт сонирхогч ахмадууд болон мастеруудын хүрээнд 20 гаруй ажил төлөвлөснөө бүгдийг биелүүлж чадлаа. Манай улсад 35-аас дээш насны нэг сая 38 мянган хүн байдаг. Энэ хүмүүсийн дунд хөдөлгөөн, биеийн тамир, спортоор хичээллэж бие бялдараа чийрэгжүүлж эрүүл аж төрөхийн ач холбогдлыг ойлгуулж, эрүүл чийрэг байлгах зорилготой нийтийн биеийн тамирыг өрнүүлэхээр манай холбоо ажиллаж байна. Мөн бас нэг зорилго нь тив дэлхий, олон улсын ахмад мастеруудын тэмцээнд ахмадуудаа амжилттай оролцуулахын төлөө тус холбоо хувь хүмүүс, спорт холбоодтой хамтын үйл ажиллагаа явуулж байна. Бид дотоодын болон олон улсын тэмцээнийг байгууллага, холбоо, төрийн болон ТББ-тай хамтран зохион байгуулдаг.

Олон улсын мастеруудын холбооны ерөнхийлөгч Кай Холм 2015 оны есдүгээр сард манай оронд айлчилсан. Ноён Кай Холм бол Данийн үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн байсан хүн. Бид энэ холбооны гишүүнээр элсэх бэлтгэлээ хангаж байна. Тус холбоонд элссэнээр Азийн нэгдсэн холбоог байгуулах боломж бүрдэнэ. Энэ жил мастеруудын II тэмцээнийг Төв аймагт амжилттай зохион байгуулаа. Энэ жил бидний уралдаан, тэмцээнд нийтдээ 20 гаруй мянган хүмүүсийг хамруулж чадлаа. Цаашдаа жил бүр аймаг, орон нутагт зохион байгуулна. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор шинэ спорт төрлийг дэлгэрүүлж байгаа. Тухайлбал, шинэ спортын төрөл болох граунд гольфыг амжилттай хөгжүүлж байна. Граунд гольфоор Японд болсон ОУТ-д 30 гаруй ахмад мастерууд амжилттай оролцлоо. Софтволейболын спортыг өрнүүлж, анх удаа Хасумегаватт компанийн нээлттэй УАШТ-ийг зохион байгуулсан.Энд 10 гаруй аймгаас оролцлоо. Төрийн ачааг хөнгөлөх зорилгоор ТББ-уудтай хамтарч нийтийг хамруулсан граунд гольф, софтволейбол, нийтийн бүжгийн тэмцээн зохион явуулсан. Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны УАШТ-д 100 гаруй ахмад мастерууд өрсөлдсөн. Эндээс шалгарсан нь Чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ-д оролцож 11 медальтай ирж, дэлхийн аварга хоёр төрсөн. 2016 оны мастеруудын дэлхий,тив, ОУТ-д амжилттай оролцлоо.

Тухайлбал, хөнгөн атлетикийн төрлөөр алт 14, мөнгө 10, хүрэл 6, нийт 30 медаль хүртсэн бол пауэрлифтингийн спортоор 6 алт, хүндийн өргөлтөөр  5 алт, 2 мөнгө, нийт 7 медаль, чөлөөт бөхийн мастеруудын ДАШТ-ээс 2 алт, 3 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн. Манжуурт болсон ОУТ-ээс шатар, биллиард алт 1, мөнгө 3, хүрэл 3 медаль авсан. Мөн тэшүүрээр 3 алт, жүдогийн мастеруудын ДАШТ-ээс 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн. Бид 2016 онд 35 алт, 19 мөнгө, 17 хүрэл медальтай нийтдээ 71 медаль хүртсэн амжилтыг үзүүлж шинэ оноо угтаж байна.

-Орон нутагт танай холбооны салбарууд ажиллаж байгаа юу?

- Хүн хөдлөхгүй бол хөгжихгүй гэсэн уриан дор хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Бид 2017 ондоо багтаж бүх аймаг орон нутагт, хот, дүүрэгт мастеруудын спорт клуб нээж ажиллуулах зорилготой. Эхнээсээ холбоо тогтоож хамтарч эхэлсэн. Чөлөөт бөхийнхөн мастеруудын холбоогоо байгуулж тэмцээнээ зохион байгуулахад газар бүрээс ахмад мастерууд ирж өргөн хүрээтэй болсон. Шалгарсан хүмүүс нь олон улс, тив, ДАШТ-д оролцдог. Чөлөөт бөх, жүдо, шатар, хөлбөмбөг, гарбөмбөг, ширээний теннис зэрэг олон спортын ахмад мастерууд болон сонирхогчид манай холбооны гишүүн. Бид хамтдаа эрүүл чийрэг байх зорилго дор нэгдэж биеийн тамир спортоор хичээллэж байдгаараа онцлогтой. 2017 онд Булган аймагт Монголын мастеруудын III наадам болно. Мөн ирэх жил Шинэ Зеланд улсад 4 дүгээр сарын 21-30-нд ахмад мастеруудын олимпийн наадам болно. Тус наадамд дэлхийн 100 гаруй орны 25 мянган тамирчин спортын 28 төрлөөр өрсөлдөнө. Манай улсаас спортын 10-аад төрлөөр оролцох боломж байгаа.

-МССМХ-ноос өөр ямар тодорхой зорилтот ажил хэрэгжүүлж байгаа вэ?

-Манай холбооноос ахмад тамирчдад төр засгаас дэмжлэг авах, тив, дэлхий, ОУТ-ээс медаль авсан тамирчдад төрөөс мөнгөн шагнал авахуулах талаар ажиллаж байгаа. Хөлс, хүчээ гаргаж, улс орныхоо нэрийг мандуулж байгаа тамирчид зээл авч байж л энэ амжилтыг үзүүлдэг. Иймд тэдэнд тэмцээнд оролцох зардлыг нь хөнгөлж өгөх, амжилт гаргавал мөнгөн урамшуулал олгож дэмждэг болмоор байна. Ахмад тамирчдад тусдаа явах фитнесс клуб байдаггүй. Тэд 5 жил өвдөөгүй, эмчийн магадлагаа аваагүй спортоор идэвхтэй хичээллэж эрүүл саруул байгааг нь үнэлж фитнесс клубт хичээллэх зардлын 50 хувийг хөнгөлдөг болох. Ер нь 35-аас дээш насны хүмүүсийн дунд биеийн тамир, спортоор хичээллэхийг дэмжсэнээр монгол хүний дундаж наслалт нэмэгдүүлж, хүн амыг эрүүл чийрэг байлгахад чухал ач холбогдолтой нь. Үүний төлөө л бид ажиллаж байна.

Д.Өлзий

Related news