“Хүүхдийн төлөө хамтдаа” анхдугаар чуулган зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгийн ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө сургуулийн удирдлагууд, сурагчид, эцэг эхчүүд хамтран чуулж, нэгдсэн санаа, нэгдмэл ойлголтод хүрсэн зөвлөмж, уриалгыг хамтад нь гаргалаа.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын санаачилгаар “Хүүхдийн төлөө хамтдаа” анхдугаар чуулганыг аймгийн төв Сүхбаатар суманд өнөөдөр буюу амралтын бямба гарагт зохион байгууллаа.
Чуулганд Сэлэнгэ аймгийн 32 сургуулийн удирдлагууд, эцэг эхчүүд, сурагчид, анги удирдсан багш нарын төлөөлөл нийтдээ 480 гаруй хүн оролцлоо. Өнөөдрийн нийгэмд хүүхдийн эзлэх байр суурь ямар байгаа, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцаж, яаж анхаардаг, юуг анзаардаггүй өнгөрдөг, хүүхдүүдийн алдаж эндэж байгаа асуудлууд, эцэг эх анги удирдсан багш, эцэг эх сургууль хоорондын өнөөдрийн уялдаа холбоо хэр байдаг., цаашид энэ 4 талт оролцооны үйл ажиллагаан дээр тулгуурлаж ямар ажил арга хэмжээ авах, хэрхэн үр дүнд хүрэх гээд олон асуудлыг хөндөн, гарцыг эрэлхийлж бас тодорхойлсон нь энэ арга хэмжээний утга учир байлаа.
Чуулганд ирсэн хүн нэг бүрийн сэтгэлийн учгийг хөндсөн шилдэг лекцийг шилдэг лекторууд тавьж нэгийг бодогдуулж хоёрыг тунгаахад хүргэсэн юм. Ховд их сургуулийн хүндэт доктор, Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын технелогийн үндэсний сургагч багш Б.Оргил “Эцэг эхчүүдийн мэдэж байх ёстой наад захын мэдлэг” хийгээд Амьдралын арифметикийн талаар, Хуульч, гэр бүл судлаач Л.Нарантуяа “Үндэсний баялаг гэр бүл”, “Гэр бүлийн баялаг Хүүхэд” сэдвийн хүрээнд, “Хөтөч гэрэл” сургалт, зөвлөгөө, хөгжлийн төвийн захирал М.Жаргалант “Хувь хүний хөгжлийн гурван тулгуур” сэдвээр лекц уншлаа. Мөн 2016 оны шилдэг багш, Сүхбаатар сумын улсын тэргүүний 4-р сургуулийн биологийн багш Г.Цолмон анги удирдсан багшийн арга ухаанаасаа, Баянгол сумын улсын тэргүүний ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Сарангэрэл өөрийн сургуулийн ололт амжилт тэргүүн туршлагаасаа хуваалцлаа.
Тус арга хэмжээг аймгийн ЗДТГ, түүний харъяа агентлагууд хамтран зохион байгууллаа.
Ч.Отгонцэцэг