Хандиваар ариун цэврийн хэрэгсэл цуглуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-20 16:44:35

Дундговь аймгийн  төрийн зарим байгууллага улаан загалмайн сайн дурын ажилтнуудын хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж амны хаалт, нэг удаагийн бээлий, нойтон, хуурай салфетка, төрөл бүрийн живх, гарын алчуур, саван, ариун цэврийн цаас зэрэг эрүүл ахуйн хэрэглэлүүдийг цуглуулж хандивлажээ.

Тодруулбал, МУЗН, Британийн УЗН- ийн дэмжлэгтэйгээр Дундговь аймгийн Улаан загалмай хороо “Нийгмийн халамж үйлчилгээг нэн эмзэг бүлгийн хүмүүст хүргэх нь” төслийг Сайнцагаан суманд энэ оны эхнээс хэрэгжүүлж эхэлсэн юм. Төслийн хүрээнд асрах хүнгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд,өрх толгойлсон эцэг, эх гээд эмзэг бүлгийн 240 иргэнд Улаан загалмайн сайн дурын 80 идэвхтэн сэтгэл зүйн дэмжлэг, асарга сувилгаа үзүүлдэг болсон байна.

Хэвтэрийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд асаргаа үзүүлэхэд живх, ариун цэврийн цааснаас эхлээд  дутагдах зүйл олон гардаг байна. Энэ нь сайн дурын идэвхтнүүдийн  хөдөлмөрийн нөхцлийг хүндрүүлдэгээс гадна асруулж байгаа хүний эрүүл ахуй, ариун цэврийн байдалд ч бэрхшээл учруулдаг ажээ.

Энэ асуудлаас үүдэн Дундговь аймгийн Улаан загалмай хороо “Хандивын сар” аяныг зарласан бөгөөд үүнд албан байгууллага, хамт олон идэвхтэй оролцжээ.

Т. Отгонтуяа         

 

Related news