Онцгой комиссын дарга отор нүүдлийг цэгцлэх үүрэг өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-21 10:07:36

Дундговь аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Дэрэн сумын нутаг дэвсгэрт гараад байгаа хонины цэцэг өвчин, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаатай холбогдуулан хэд хэдэн асуудалд анхаарал хандуулсан байна. Онцгой комиссын гаргасан шийдвэрийн талаар нарийн бичгийн дарга Я. Алтанхундагаас тодруулахад, отор нүүдэл малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллах аймгийн Засаг даргын 04 тоот албан даалгаварын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс нэмж ажлын хэсэг гаргахаар болсон гэлээ.

Өнөөдрийн байдлаар Төв аймгийн 60 гаруй, Өвөрхангай, Улаанбаатар хот орчмоос тус бүр нэг малчин өрх нийт 70 гаруй мянган малтай Дундговь аймгийн Дэлгэрцогт, Эрдэнэдалай, Адаацаг, Дэрэн, Луус сумын нутагт оторлон өвөлжиж байгаа гэсэн мэдээллийг ХХАА-н  газраас өгч байна.

Оторлож буй өрх, малын тоо толгойг бодитоор гаргахын тулд дахин нягтлан, өөр аймгаас оторлож буй малчидтай гэрээ байгуулах, цаашид Дундговь аймгийн нутаг дэвсгэрт өөр аймгийн малчдыг оторлуулахгүй байх, адууг бог малын бэлчээрээс зайдуу гаргах хэрэгтэйг аймгийн Онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэ үүрэг болгосон байна. Мөн 3 чиглэлд ажлын хэсэг гарган ажиллуулж, отор нүүдлийг ойрын өдрүүдэд цэгцлэх, цэцэг өвчний тархалтыг таслан зогсоох ажлыг эрчимжүүлэхийг ХХАА-н газар, Онцгой байдлын хэлтэст үүрэг болгов.

Т. Отгонтуяа         

 

Related news