Кино үзвэрийн тоног төхөөрөмж ашиглагдаагүй гурван жилийг үджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-21 13:59:14

Гурван жилийн өмнө тухайн үеийн Соёл, спорт аялал жуулчлалын яам хөдөөгийн сумдад кино үзвэрийн жишиг цэг байгуулахаар төсөл эхлүүлсэн байдаг. Энэ төсөлд Дундговь аймгийн Өлзийт сумын соёлын төв хамрагдаж  кино үзвэрийн жишиг үйлчилгээг бий болгоход зориулалтаар 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулсан ч өнөө хэр нь ашиглагдаагүй байгаа юм.

Уг нь энэ төсөл Улаанбаатар хотын Тэнгис, Өргөө кино театрт гарч байгаа киног мини кино театраар хөдөөгийн иргэд шууд үздэг нөхцлийг бүрдүүлэх зорилготой гэгдэж байсан. Кино үзвэрийн үйлчилгээтэй болох нь гэж хөдөөгийн иргэд хүлээж байсан ч төсөл зогсонги болоод удаж байна. Мини кино театрын талаар сураг ажиг тавьдаг ч тодорхой мэдээлэл алга байгааг сумын Соёлын төвийн эрхлэгч Ц.Хадхүү хэлсэн юм.

Соёл, спорт аялал жуулчлалын яам байгуулагдаад эхлүүлсэн нэг ажил бол кино үзвэрийн үндэсний сүлжээг үүсгэх, кино үзвэрийн жишиг цэгийг хөдөөгийн соёлыг төвүүдэд бий болгох энэ төсөл байсан. Тухайн үед “Соёлын төвийн чанартай үйчилгээ- 3” улсын уралдаанд амжилттай оролцсон 11 аймгийн 18 сумын соёлын төвд кино үзвэрийн жишиг цэг байгуулахаар ССАЖ-ын сайдын тушаалаар тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд үүний нэг нь Дундговь аймгийн Өлзийт сумын соёлын төв ажээ.

Т. Отгонтуяа         

 

 

Related news