Өлгийн цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-04 00:26:22

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод цэвэрлэх байгууламж шинээр барихаар төлөвлөж байна.

Хуучин байгууламж нь элэгдэж эвдэрснээр хотын бохир ус орчин тойрноо болон Ховд голыг бохирдуулсаар байгаа юм. 

-Шинэ байгууламжийг барьж босгох зураг төсөл гарсан. Барилгынх нь ажлыг энэ онд улсын төсөв болон олон улсын зээл, тусламжаар барихаар төлөвлөж байна. Мөн хотын төв замыг шинэчлэх ажил хийгдэх зорилт тавьж байна гэж аймгийн Засаг дарга А.Гылымхан ярилаа.

Харин Өлгий хотыг тойруулан үерийн аюулаас хамгаалах далан босгох, Ховд гол дээр шинэ гүүр тавих гэж байгааг олон түмэн тийм ч сайн дэмжихгүй байгаа бололтой. Учир нь үер бол тэнгэрийн үүлнээс буудаг санамсаргүй тохиролдол, Ховд голын түвшин далан жилийн өмнөх түвшинээсээ нэг метр орчим буусныг мэргэжилтнүүд баталж байгаа. Иймд өнөөгийн эдийн засгийн хүнд үед «цагаан хэрэм» барих нь амар ажил биш. Мөн Ховд гол боломжийн бетон гүүртэй бөгөөд өнгөрсөн дөрвөн жилд түүнийг нэмж өргөтгөсөн. Иймд эдгээрт зарцуулах хүч хөрөнгийг байр нь дутагдаж байгаа сургууль, цэцэрлэгүүдэд зориулах нь зүйтэй гэсэн саналууд иргэдээс ирж байгаа ажээ.

Ш.Айзаря

Related news