Хилийн цэргийн 0131 дүгээр анги "Оюуны дэвжээ" -д түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд "Оюуны дэвжээ" тэмцээнийг "Говийн хүү сан"-гаас энэ амралтын өдрүүдээр зохион байгууллаа.
Тус сангаас энэхүү тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд уг тэмцээнд 15 баг ур чадвар авхаалж самбаагаараа өрсөлдөн хилийн цэргийн 0131 дүгээр ангийн "Хилчин" багийнхан түрүүллээ. Энэхүү багийнхан Өмнөговийн хөгжилд бидний оролцоо сэдэвтэй гэрийн даалгавартаа зөв төлөвшсөн хүүхэд ирээдүйд зөв иргэн болж хотыг хөгжүүлнэ гэсэн санааг илтгэсэн жүжигчилсэн тоглолт хийж олны талархлыг хүлээжээ. Мөн уг тэмцээний дэд байрт цэцэрлэгүүдийн баг, гуравдугаар байрт Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хамт олон шалгарчээ.
Тэмцээн нь орон нутаг тулгамдаж буй асуудлын талаар үзэл бодлоо бусадтайгаа хуваалцах, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, тэдний нийгмийн идэвхийг сэргээх зорилготой юм.
Д.Мишигсүрэн