Тэс суманд аймагтаа ганц хүүхдийн сувилал ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгийн Тэс сумын Эрүүл мэндийн төв нь аймагтаа анх удаа Хүүхдийн сувилал ажиллуулж өнгөрсөн онд сумынхаа 73 хүүхдийг сувилалд эмчилсэн байна.
Тухайлбал жил бүрийн 6-8 саруудад 0-3 насны суурь өвчтэй, өвчлөх эрсдэлтэй хүүхдүүдийг гурван ээлжээр хүлээн авч эмчилдэг байна. Эмчилгээг 10 хоног шар сүү, айрагаар арчих, тосон болон сүүн иллэг массаж, толгойн бариа, элсэн дээр тоглуулах, наран шарлага, агаарт гаргах усаар чийрэгжүүлэх, хоол эмчилгээ, витаминжуулж, шаардлагатай хүүхдүүдэд эмийн эмчилгээг хийдэг ажээ.
Анх 2013 оноос эхлэн өөрсдийн санаачлага, нөөцөд тулгуурлан хүүхдийн сувилал нээн ажиллуулсан нь олон эцэг эхийн талархлыг хүлээгээд зогсохгүй сумандаа хүүхдийн суурь өвчлөлийг багасгаад буй юм. Сүүлийн гурван жил тус суманд хүүхдийн томуу төст өвчний дэгдэлт аймгийн дунджаас бага гарчээ.
Сумын ЭМТ-ийн лабораториор 3100 гаруй иргэн үйлчлүүлжээ
Тэс сумын Эрүүл мэндийн төвөөр өнгөрсөн онд 7458 иргэн үйлчлүүлжээ. Үүнээс урьдчилан сэргийлэх үзлэгт 3276 иргэн хамрагдаж 267 иргэн хэвтэж эмчлүүлсэн байна. Харин өнгөрсөн онд 399 дуудлага хүлээн авчээ. Үүний 172 нь алсын дуудлага, 227 нь ойрын дуудлга байна. Дуудлагын ихэнхи хувийг зүрх судасны өвчин, жирэмснний дуудлага эзэлжээ. Мөн умайн хүзүү, хөхний хавдарын үзлэгт 103 эмэгтэй үзүүлж зөвлөгөө авч дараагийн шатлалын эмнэлэгт шилжсэн байна. Сумандаа лабораторийн шинжилгээнд 3122 иргэн хамрагджээ. Аймгийн төвөөс алслагдсан тус сумын хувьд сумандаа шээс болон цусны, эхо, биохимийн анализаторын шинжилгээг авч байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж зардал мөнгийг хэмнэсэн ажил болоод буй юм.
Мөн 0-5 насны 240 хүүхдээс 192 хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлтийг сайжруулж, ээжүүдийн ЖСА хэрэглээнд судалгаа хийжээ.
Б.Мягмарсүрэн