Увс аймгийн 13 суманд өвөлжилт хүндэрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Засаг дарга Д.Батсайхан өчигдөр болсон албан газрын дарга, эрхлэгч нарын цуглаан дээр өвөлжилт, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Увс аймгийн 13 суманд өвөлжилт хүндэрч байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт аймгийн Онцгой комиссын гишүүд хоёр ажлын хэсэгт хуваагдан өвөлжилт хүндэрсэн сумдад ажилласан байна. Тухайлбал, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбатаар ахлуулсан ажлын хэсэг Давс, Сагил, Түргэн сумдад ажилласан бол Орлогч дарга Ц.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Малчин, Наранбулаг, Цагаанхайрхан суманд ажиллаж, нөхцөлд байдалтай газар дээр нь танилцан, зарим асуудлыг шийдвэрлэсэн талаар Засаг дарга мэдээллээ.
Тэрчлэн аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2017 оны зорилт, тус онд хийгдэх ажлуудаа танилцуулсан юм. Мөн Монгол Улсын Засгийн Газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шийвэрүүдийн талаар дурдаж улс орон эдийн засгийн хямралтай байгаа энэ үед аль болох хэмнэж болох зардлуудаа танах, зайлшгүй шаардлагатай ажлуудыг сайтар төлөвлөж хийх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамтын ажиллагааг сайжруулах, төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллах, боломжит нөхцлүүдийг судлаж шийдвэрлэж ажиллахыг зөвлөсөн юм.
Б.Батхүү