МСҮТ-д суралцагчдын тоо буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-д 2016-2017 оны хичээлийн жилд 13 төрлийн мэргэжлээр 389 суралцагч суралцаж байгаа бөгөөд үүний 44 хувь буюу 171 нь эмэгтэй хүүхэд байна. МСҮТ-д суралцагчдын тоо өмнөх оноос 83-аар буурчээ.
Нийт суралцагчдын 350 нь мэргэжлийн боловсрол эзэмшихээр сурч байгаа бол мэргэжил олгох нэг жилийн сургалтанд 39 хүн сурч байна. Эдгээр тоо ч мөн адил өмнөх оноос буурсан байна.
Харин өнгөрсөн онд найман мэргэжлээр 173 хүнийг төгсгөсөн байна. Нийт төгсөгчдийн 74,6 хувь буюу 129 нь мэргэжлийн боловсрол эзэмшжээ. Тодруулбал 27 тогооч, 25 гоо засалч, 19 барилгын цахилгаанчин, 22 цахилгаан тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, 18 барилгын сантехникч, барилгын өрөг угсрагч мэргэжлийг эзэмшжээ. Эдгээрээс 46 төгсөгч шууд ажлын байртай болсон байна. Харин мэргэжил олгох сургалтаар нийт төгсөгчдийн 25,4 хувь болох 44 ажилчин бэлтгэгдэн гарсан байна.
Аймгийн МСҮТ-д 54 ажиллагсад байгаа бөгөөд эдгээрийн 22 нь үндсэн багш юм байна.
Т. Одончимэг