Б.Обамагийн зогсоосон нефтийн хоолой барих ажлыг Д.Трамп сэргээлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЛОНДОН./BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Keystone XL, Dakota Access гэдэг хоёр нефть дамжуулах хоолойг барих ажлыг сэргээн үргэлжлүүлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа.
Трампын үзэж байгаагаар, Канадаас Америкийн нефть боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж буй нефтийг дамжуулах Keystone XL хоолойг барих төсөл нь 28 мянган ажлын байр бий болгох аж.
Харин байгаль орчныг хамгаалах байгууллагууд Трампын шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд “28 мянга гэдэг бол зөвхөн түр ажлын байрны тоо” гэдгийг дурдаж байна.
Нефтийн хоолой барих ажлыг сэргээхийн зэрэгцээ Ерөнхийлөгч Д.Трамп хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал эрхэлсэн агентлагийн үйл ажиллагааны хүрээг хязгаарлажээ. Тус агентлаг одоо шинээр зөвшөөрөл өгөх эрхгүй болсноос гадна ажилтнууд нь нийгмийн сүлжээнд мэдээлэл оруулах, сэтгүүлчидтэй уулзах боломжгүй болжээ.
Агентлагийн даргаар томилогдсон Скотт Прюитт-ийн нэрийг Сенат батлаагүй байгаа учраас дээрх хориг түр зуурынх уу эсвэл байнга үйлчлэх үү гэдэг нь тодорхойгүй байна.
С.Прюитт бол дэлхий дулаарч байгаа тухай онолыг эрс шүүмжилдэг хүмүүсийн нэг юм.
Сануулан дурдахад, Ерөнхийлөгч асан Б.Обама 2015 онд Keystone XL нефть дамжуулах хоолой барих ажлыг зогсоох шийдвэр гаргасан билээ. Уг хоолой нь хоногт 800 мянган баррель газрын тос дамжуулах хүчин чадалтай аж.
Үүний сацуу индианчуудын эсэргүүцлээс үүдэн Dakota Access хоолойг барих ажил өнгөрсөн оны 12 дугаар сард зогссон байна.
Б.Адъяахүү