Хятад улс Умард Солонгосоос 1,18 тэрбум долларын нүүрс импортолжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО./TASS/. Хэдийгээр НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн тогтоолоор хориг тавьсан боловч Хятад улс 1 тэрбум 180 сая долларын нүүрсийг Умард Солонгосоос өнгөрсөн онд худалдан авчээ.
Умардаас Хятадад нийлүүлсэн нүүрсний үнийн дүн өмнөх оныхтой харьцуулахад 12 хувиар өссөн байна.
2016 онд Умард Солонгос цөмийн болон пуужингийн туршилт хийсний хариуд тус улсаас нүүрс худалдан авахыг НҮБ үндсэнд нь хориглосон билээ. Гэхдээ умард солонгосчуудын ахуй амьдралыг харгалзан үзээд, хүмүүнлэгийн зорилгоор тодорхой хэмжээний нүүрс худалдан авахыг зөвшөөрсөн байна. Умард Солонгосын тал өнгөрсөн оны 11 дүгээр сард тавдахь удаагаа цөмийн туршилт хийсний дараа Аюулгүйн Зөвлөл хоригоо улам чангатгаж, мөнгөн дүнгээр 400 сая доллароос хэтрэхгүй хэмжээний нүүрсийг Умардаас худалдан авахыг зөвшөөрчээ. Энэ нь 7,5 сая тонн нүүрс гэсэн үг юм.
Гэтэл өнгөрсөн онд Хятадын худалдан авсан нүүрсний хэмжээ энэ хязгаараас давсан байна. Хятад бол Пхеньяны худалдааны хамгийн гол түнш бөгөөд хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн онд 5,4 тэрбум долларт хүрчээ. Хятадын импортолж буй бүтээгдэхүүний тал орчим хувь нь нүүрс юм.
Б.Адъяахүү