“Alibaba” групп “MoneyGram”-ыг худалдан авлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /Xinhua/. Улс хооронд мөнгө гуйвуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, АНУ-д төвтэй “MoneyGram” компанийг Хятадын онлайн худалдааны томоохон компани болох “Alibaba” группын охин компани “Ant Financial” 880 сая доллароор худалдан авахаар тохиролцоонд хүрчээ.
“MoneyGram” компани нь дэлхийн 200 орчим улс оронд 350 мянган үйлчилгээний салбартай бол цахим төлбөр тооцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ant Financial” компани нь 630 сая гаруй үйлчлүүлэгчтэй ажээ.
Харин дээрх гэрээг баталгаажуулахын тулд “Ant Financial” компани нь АНУ-ын Гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан хорооноос зөвшөөрөл авах ёстой. Тус хороо нь гадаадын компаниуд АНУ-д өмч хөрөнгө худалдан авсан тохиолдлуудыг үндэсний аюулгүй байдлын үүднээс хянаж шалгадаг аж.
“Ant Financial” компанийн захирал Эрик Жин хэлэхдээ “манай хоёр компани нэгдсэнээр АНУ, Хятад, Энэтхэг, Мексик, Филиппин зэрэг дэлхийн томоохон орнууд руу илүү хурдан шуурхай, хялбар бөгөөд найдвартайгаар мөнгө гуйвуулах боломжтой болж байна” гэв.
Г.Доржханд