Мумбайн халдлагад холбоотой сэжигтнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-01-31 12:11:56

ИСЛАМАБАД. /ВВС/. 2008 онд Энэтхэгийн Мумбай хотод 166 хүний аминд хүрсэн террорист халдлагуудыг үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж буй нэгэн бүлэглэлийн толгойлогчийг баривчлан хорихыг Пакистаны эрх баригчид үүрэг болгожээ.

Пакистанд төвтэйLashkar-e-Taiba” бүлэглэлийн толгойлогч Хафиз Саид одоо тус улсын Лахор хотод гэрийн хорионд байгаа аж.

Мумбайн халдлагад би ямар ч холбоогүй гэж тэрбээр удаа дараа мэдэгдэж байв.

Гэсэн хэдий ч олон хүнийг буудан хөнөөж, тэсрэх бөмбөг дэлбэлсэн хүмүүсийн ард Саид байгаа гэж Дели болон Вашингтон үздэг.

Хафиз Саидын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, Пакистаны засгийн газарт АНУ шахалт үзүүлсэн учраас түүний эсрэг ажиллагаа явуулж байгаа ажээ.

Мумбайн халдлагатай холбоотой маргаан

Лалын бүлэглэлийн толгойлогч Пакистанд эрх чөлөөтэй байгаа нь Дели болон Исламабад хоорондын харилцаа ээдрээтэй болсон шалтгаануудын нэг юм.  Харин Пакистаны эрх баригчид чухам ямар учраас Саидыг баривчлах болсон нь тодорхойгүй байна.

Мумбайд 2008 онд цуст халдлага болсноос зургаан сар орчмын дараа түүнийг суллаж, гэрийн хорионд оруулсан юм. Түүнийг шүүж, Энэтхэгт шилжүүлэн өгөх хангалттай нотолгоо байхгүй байна гэж Пакистаны тал үзсээр иржээ.

2008 оны 11 дүгээр сарын 26-ны орой тэнгисээр дамжин ирсэн зэвсэгт этгээдүүдтэй Энэтхэгийн цэргүүд тулалдаж байгааг телевизээр шууд дамжуулж байв. 10 зэвсэгт этгээд тансаг зэрэглэлийн хоёр зочид буудал, еврейчүүд цугладаг төв болон галт тэрэгний буудал дээр зорчигчид, жуулчид болон Энэтхэгийн баячуудын аминд хүрсэн билээ.

Халдлагаас гурван хоногийн дараа Энэтхэгийн аюулаас хамгаалах хүчнийхэн тус хотод хяналтаа тогтоож байлаа.

Уг халдлагыг зохион байгуулахад Пакистаны “албаны ёсны агентлагууд” оролцсон гэж Дели үздэг бол Исламабад үүнийг эрс үгүйсгэн няцаадаг юм.

Г.Доржханд

 

Related news