Цагдаа нар ажил хаясны улмаас Бразилд эмх замбараагүй байдал үүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-02-08 09:20:36

ВИТОРИЯ. /ВВС/. Бразилын зүүн өмнөд нутгийн Витория хотын цагдаа нар ажил хаялт зарласны улмаас гэмт хэрэг газар авч, олон арван хүн амь үрэгдсэний дараа тус хот руу 1000 гаруй цэрэг илгээжээ.

Нөхцөл байдал тайван болох хүртэл цэргүүд болон үндэсний гвардын албан хаагчид Витория хотод хэв журам сахиулж, эргүүл хийнэ гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Рауль Юнгманн мэдэгдэв.

Цалин хөлстэй холбоотой маргааны улмаас  өнгөрсөн долоо хоногийн бямба гарагаас цагдаа нар ажилт хаялт зарлаж эхэлснээр гэмт хэрэгтнүүд гудамж талбайд зэрлэг балмад авирлаж, хулгай дээрэм хийж, хүмүүсийг буудаж, автомашинуудыг нь булаан авах болжээ.

Тус хотын банк, сургууль, эмнэлгүүд хаалгаа барьсан байна. Мөн дэлгүүрүүдийн ихэнх нь ажиллахгүй байна.

Цагдаа нарын хувьд шөнийн цагаар ажиллахад илүү цагийн мөнгө өгөх, түүнчлэн онцгой албаны нэмэгдэл олгохыг шаардаж байна.

Ажил хаялт зарласнаас хойш тус хотод 70 орчим хүн амь үрэгдээд байна гэж эх сурвалжууд мэдээллээ.

Г.Доржханд

 

 

Related news