Америкийн шүүх индианчуудын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-02-14 15:26:21

ЛОНДОН. /BBC/. АНУ-ын Холбооны шүүх хэрүүлийн бай болоод байгаа газрын тос дамжуулах хоолойн Хойд Дакот дахь хэсгийг барих ажлыг зогсоохыг шаардсан Хойд Америкийн уугуул омгийнхны хоёр төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Дамжуулах хоолойг барьж буй компани Миссури мөрний Оаха усан сангийн доогуур хонгил ухах зөвшөөрөл авсныг эсэргүүцэн индианчууд шүүхэд хандсан байна.

Сиу омгийн индианчуудын хувьд энэхүү төсөл нь усан сангийн дэргэд шашны зан үйлийн ёслолоо хийхэд саад болж байгаа бөгөөд тэдний ярьснаар, уг усан сан нь ариун шүтээнийн газруудаар хүрээлэгддэг байна.

Омгийн төлөөлөгч сэтгүүлчдэд хандан хэлэхдээ " шүүхийн шийдвэрт урам хугарч байна, гэхдээ уг шийдвэр нь бидний хувьд гэнэтийн зүйл байгаагүй" гэж мэдэгджээ.

"Dakota Access" гэдэг газрын тос дамжуулах хоолойн барилгын ажлыг өнгөрсөн оны 12 дугаар сард индианчууд ихээхэн эсэргүүцсэний дараа түр зогсоосон юм.

Тухайн үед эрх баригчид мэдэгдэхдээ "дамжуулах хоолойг барих өөр хувилбарыг боловсруулахад бэлэн байна" гэж байжээ.

Харин 1 дүгээр сарын сүүлчээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Keystone XL болон Dakota Access газрын тос дамжуулах хоолойнуудыг барих ажлыг сэргээн явуулах тухай зарлигт гарын үсэг зурсан юм.

2 дугаар сарын 7-нд Dakota Access газрын тос дамжуулах хоолойн барилгын ажлыг индианчуудын амьдардаг нутаг дэвсгэрт явуулах зөвшөөрлийг гүйцэтгэгч компанид өгөх гэж байгаа тухай мэдээлэл гарсан байна.

Хойд Дакотоос Иллинойс хүрэх 1186 км-ийн урттай газрын тос дамжуулах хоолой барих энэ төсөл нь 3,7 тэрбум ам.долларын өртөгтэй ажээ.

О.Барс

 

 

 

Related news