Шар сүүгээр цэлцэгнүүр, иштэй чихэр хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-19 19:24:42

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын үйлдвэрлэгчид сүү, сүүн бүтээгдэхүүн, гар урлалын бүтээлүүдээрээ үзэсгэлэн худалдаа гаргажээ. Үзэсгэлэн худалдаанд монгол ямаа, үхрийн сүүгээр хийсэн молоко, шар сүүгээр хийсэн цэлцэгнүүр, иштэй чихэр зэрэг борлуулж байгаа нь шинэ содон худалдаа болж байгааг оролцогчид хэлж байв.

Энэ мэтээр аймгийн ихэнх сумд бүтээгдэхүүнийхээ амт чанар, өнгө үзэмжийг сайжруулахын зэрэгцээ үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулдаг болж, ашиг орлогоо нэмэгдүүлж байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж улмаар ажлын байрыг нэмэгдүүлэн иргэдээ ажилтай бас орлоготой болгоно гэсэн Баянхонгор аймгийн хэрэгжүүлэх гол бодлогын хүрээнд эхний ажлууд хийгдэж эхлээд байна.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар арьс нэхий боловсруулах жижиг үйлдвэрийг тойргийн сумдууддаа нийлүүлсэн, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хуурай сүүний 10 үйлдвэрийг энэ зун оруулж ирхээр болсон. Мөн УИХ-ын гишүүн М.Билэгт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр онцгойлон анхаарч, малчдыг бололцоотой бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлээд байгаа юм.

                                                                                                                   Б.Мөнхзул

Related news