К. Роналду, А. Жоли нар Сирийн дүрвэгсдийн цуврал кинонд тоглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-02-20 12:22:12

МОСКВА. /TASS/. Испанийн хөлбөмбөгийн “Реал” клубын довтлогч Криштиан Роналду, Америкийн жүжигчин Анжелина Жоли хоёр Туркийн цуврал кинонд тоглохоор болжээ. Энэ тухай Daily Sabah сонинд мэдээллээ.

“Амьдралын гүүр” нэртэй цуврал киноны найруулагчаар Эйюп Дирпик ажиллах ба уг кинонд Турк-ээс орогнол хүссэн Сирийн дүрвэгчийн гэр бүлийн амьдралын тухай өгүүлэх юм байна. Дээрх цуврал кино гурван үе шаттай хийгдэхээр төлөвлөгджээ.

Тус сонины мэдээгээр, уг киноны Туркийн Газиантеп мужид хийгдэх трейлерийн зураг авалт хийгдэж дуусчээ. Киноны найруулагчийн хэлснээр, Жоли, Роналду хоёроос гадна зураг авалтанд өөр хэд хэдэн нэр алдартай хүмүүсийг оролцуулахаар төлөвлөж байгаа ба тэдгээр хүмүүсийнхээ нэрийг одоохондоо нууцлаж байгаа ажээ.

Гол дүрийн тоглогч Туркийн жүжигчин эмэгтэй Перихан Саваш кино цувралын ажил 2017 оны 3 дугаар сард эхлэнэ гэж мэдэгджээ. Энэхүү кино нь зовлонд унасан хүмүүст туслах, хүмүүнлэг сэтгэл гаргах хэрэгтэй юм байна гэдгийг хүмүүст ойлгуулна гэж жүжигчин эмэгтэй найдаж байгаа аж.

Газиантеп хотын дарга Фатьма Шахин кино зохиолтой танилцаж амжсан ба киночид хайр сэтгэл, эмгэнэлт явдал, гэр бүл, амьдралын төлөөх тэмцлийг харуулсан сэтгэл хөдөлгөсөн киног хийж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Роналду бол дэлхийн шилдэг хөлбөмбөгчний нэг юм. Өдгөө 32 настай Португалийн иргэн тэрбээр дэлхийн шилдэг хөлбөмбөгчинөөр 4 удаа шалгарч “Алтан бөмбөг” шагналыг авч байсан төдийгүй аваргуудын лигд 3 удаа түрүүлж, хөлбөмбөгийн тэмцээний түүхийн шилдэг тоглогч болж байжээ. 2016 онд Португалын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглон Европын аварга болж байв.

Жоли бол Америкийн жүжигчин, найруулагч, кинозохиолч, олон тооны шагналын, тэр дундаа Оскарын эзэн ба тэрбээр анх 1982 онд кинонд тоглож эхлэж байжээ. Жоли хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг, иргэний идэвхитэй байр суурьтай гэдгээрээ нэрд гарсан хүн бөгөөд НҮБ-ийн сайн санааны элч төдийгүй 2012 оноос НҮБ-ийн дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын удирдах газрын тусгай элчээр өргөмжлөгджээ.

О.Барс

 

Related news