“Weapons” тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-08-11 12:47:06

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны наймдугаар сарын 11 /AFP/. Нэг ангийн хүүхдүүд учир битүүлгээр алга болж байгаа тухай өгүүлэх “Weapons” аймшгийн кино Хойд Америкт нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 42.5 сая ам.долларын орлого олсноор бокс-оффисын жагсаалтыг тэргүүлжээ. 


“Энэ бол аймшгийн киноны хувьд гайхалтай нээлт юм” гэж “Franchise Entertainment Research” фирмийн шинжээч Дэвид А.Гросс жүжигчин Жулиа Гарнер, Жош Бролин нарын тоглосон уг киноны талаар хэлсэн байна. 


Жагсаалтын хоёрдугаар байрт “Disney” компанийн бүтээл “Freakier Friday” кино 29 сая ам.долларын орлогоор бичигдсэн байна. 2003 онд үзэгчдийн хүртээл болсон “Freaky Friday” киноны үргэлжлэлд Линдсей Лохан, Жэйми Ли Кертис нар өөрсдийн дүрд дахин тогложээ. 


“Энэ бол гайхалтай нээлт байлаа. Амралтын өдрүүдийн урьдчилсан үзүүлэлт нь инээдмийн киноны үргэлжлэл ангийн хувьд дунджаас хавьгүй дээгүүр байна. Түүнчлэн 22 жилийн өмнө нээлтээ хийж байсан эхний ангийн нээлтийн орлогоос давлаа” гэж Д.Гросс ярьжээ.


Харин “Disney”-н “The Fantastic Four: First Steps” кино 15.5 сая ам.долларын орлогоор гуравдугаар байр руу ухарчээ. Энэхүү кино АНУ, Канадын зах зээлээс нийтдээ 230.4 сая ам.долларын орлого олоод байна. Эдгээрийн араас “Universal”-ын “The Bad Guys 2” хүүхэлдэйн кино /10.4 сая ам.доллар/ дөрөвдүгээрт, “Paramount”-ын “Naked Gun” инээдмийн кино /8.4 сая ам.доллар/ тавдугаарт тус тус жагсжээ.


Кассын орлогын жагсаалтын эхний 10-т “Superman” /7.8 сая ам.доллар/, “Jurassic World: Rebirth” /4.7 сая ам.доллар/, “F1: The Movie” /2.8 сая ам.доллар/, “Together” /2.6 сая ам.доллар/, “Sketch” /2.5 сая ам.доллар/ кинонууд бичигдсэн байна. 



Related news