Ховд аймагт 3173 ахмадад насны хишиг хүртээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ, Засаг дарга ирж буй 17 дугаар жарны алтан унжлагат гал тахиа жил сар шинийн баярыг угтан аймгийнхаа алдар гавьяатнууд, ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
Энэ өдөр Ховд аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний хэлтэс тус аймгийн хэмжээнд 3173 ахмад насны хишиг авахаар бүтргүүлсэнээс төлөөлөл болгон Жаргалант сумын 70-89 насны зургаан ахмад Ж.Цэрэнсодном, М.Хонгор, С.Загдсүрэн, Н.Халтар, Д.Нямхүү нарт хүндэтгэл үзүүлж, 150,0-250,0 мянган төгрөг олгох батламжийг гарын бэлгийн хамт өглөө.
Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог “Монгол Улсын засгийн газар 335 суманд Ахмадын өргөө барих зорилт дэвшүүлж байна гээд, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Ахмадаа ачлая” дэд хөтөлбөр баталж, 60-аас дээш насны ахмадуудынхаа мэдлэг оюун, арга туршлагаас суралцах зорилгоор “Ахмадын зөвлөх үйлчилгээ “ байгуулж ажиллаж байгааг хэллээ.
Ховд аймгийн хэмжээнд 6663 ахмад настан амьдарч байгаагаас 3173 ахмад настан буюу 47 хувь нь насны хишигт хамрагдаж байна.
Сар шинийн баярыг тохиолдуулан Ховд аймгийн 65-69 настай 1151 ахмадад 50,0 төгрөг, 70-79 настай 1145 ахмадад 80,0 төгрөг, 80-89 настай 520 ахмад 150, 90-ээс дээш настай 57 ахмад настан 250,0 насны хишиг олгох юм.
А.Бямбасүрэн