Ф.Беккенбауэр 1,7 сая еврогийн асуудалд холбогджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА. /TASS/. Германы нэрт хөлбөмбөгчин, 2006 оны ДАШТ-ий мэдүүлэг хүлээн авах хорооны дарга Франц Беккенбауэр 2010 оны ДАШТ-ийг зохион явуулах эзэн орныг тодруулах санал хураалтын өмнөхөн Олон улсын хөлбөмбөгийн холбооноос /FIFA/ 1,7 сая евро авчээ. Энэ тухай ARD телевиз мэдээллээ.
Беккенбауэр тэмцээнийг зохион байгуулагч орныг тодруулах санал хураалтын өмнө ӨАБНУ-ын Хөлбөмбөгийн холбоонд зөвлөгөө өгч байсан бөгөөд удалгүй ДАШТ-ийг явуулах эзэн орноор ӨАБНУ шалгарсан юм. Дээрх мөнгийг Беккенбауэрын Гибралтар дахь дансанд нь шилжүүлсэн нь Швейцарийн эрх баригчдад сэжиг төрүүлсэн байна.
2016 оны 9 дүгээр сарын эхээр Швейцарийн Ерөнхий прокурорын газар Беккенбауэрыг мөнгө угаасан, ДАШТ-2006-гийн мэдүүлэг хүлээн авах хорооны даргаар ажиллах байх үедээ хууль бусаар баяжсан гэх үндэслэлээр мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхлүүлжээ.
Үүнээс өмнө 2002 онд тухайн үед "Adidas" компанийн захирлаар ажиллаж Робер Луи-Дрейфус 10,3 сая швейцарь франкийг /6,7сая доллар/ “ДАШТ-2006”-гийн мэдүүлгийн хорооны нэр дээр шилжүүлсэн гэсэн мэдээлэл гарч байсан билээ. Тэр үед тус хорооны даргаар Беккенбауэр, Германы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Вольфганг Нирсбах нар ажиллаж байжээ. Хүлээн авсан мөнгө нь мэдүүлэг хүлээн авах хорооны хэрэгцээнд зарцуулагдах ёстой байсан ч дээрх мөнгийг тайлан, татварын мэдүүлгэд тусгаагүй байсан байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр, уг мөнгийг санал худалдаж авахад ашигласан бололтой.
О.Барс