Үзэсгэлэнд оролцогчид 150 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-21 15:09:46

Ховд /МОНЦАМЭ/. "Алтан унжлагат" хэмээх улаагчин тахиа жилийн сар шинийн баярт зориулан "Хаврын өнгө-2017" үзэсгэлэн худалдаанд Ховд аймгийн 11 сумын 116 бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж оролцож 150 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

"Хаврын өнгө-2017" үзэсгэлэн худалдааны энэ жилийн шилдгүүдийг 15 номинациар шалгаруулсан бөгөөд шилдэг номинациудын шагналыг аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Батсүх, Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг, аймгийн ХХААГ-ын дарга Т.Баатарзориг нарын аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс гардуулан өгч баяр хүргэлээ.

Үзэсгэлэн худалдааны “Шилдэг зохион байгуулалттай оролцсон сум”-аар Мөст сум шалгарсан бол шилдгийн шилдэг Гранпри шагналын эзнээр "Баясгалант өндөр хөхий" ХХК шалгарч, аймгийн Засаг даргаас өргөмжлөл, цомоо гардлаа.

"Мөст Алтайн хишиг" малчны нөхөрлөл “Шилдэг сүүн бүтээгдэхүүн”-ий, "Бадамлах оюу" ХХК “Шилдэг гурилан бүтээгдэхүүн”-ий, "Хишиг эрдэнэ баяжих" ХХК “Шилдэг махан бүтээгдэхүүн” -ий, "Ховд арвай" талх нарийн боовны цех “Шилдэг тавгийн иж бүрдэл”-ийн төрлөөр тус тус шалгарчээ.

“Шилдэг оёмол бүтээгдэхүүн” төрөлд "Буянт үйлийн шим хоршоо", “Модон эдлэлийн шилдэг бүтээгдэхүүн” төрөлд "Нарсны үнэр" ХХК, “Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн” төрөлд Булган сумын иргэн Ш.Батгэрэл нар шалгарав.

“Шилдэг органик бүтээгдэхүүн” төрөлд "Гурван хайрханы дом" ХХК, “Ургамлын гаралтай шилдэг бүтээгдэхүүн” төрөлд "Тахилгатын нуруу" ХХК, “Үйлдвэр эрхлэгч шилдэг залуу” төрөлд иргэн М.Баточир, “Чанарыг эрхэмлэгч байгууллага” төрөлд "Үр жимс хоршоо", “Олон нэр төрлийн хүнсний ногоо боловсруулсан бүтээгдэхүүн” төрөлд "Буянт нахиа хоршоо", “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн” төрөлд "Шинэ санаа Буянт нөхөрлөл" хоршоо тус тус шалгарсан байна. 

А.Бямбасүрэн

Related news