Үенч сумын Эрүүл Мэндийн төв орны тоо хүрэлцдэггүй,нярайн аппарат хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-23 17:49:28

Ховд /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Батнасан, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын төлөөлөгч Бат-Эрдэнэ нар Улсын тэргүүний Үенч сумын Эрүүл Мэндийн төвийн  хамт олонтой уулзаж тулгамдсан асуудал, санал хүсэлтийг  сонссон юм.

Энэ уулзалтын үеэр Үенч сумын Эрүүл Мэндийн  төвийн их эмч  Б.Ууганбаяр,  Дотрын  тасгийн эмч М.Батдэлгэр нар эмнэлэгийн үйл ажиллагаа болон тулгамдсан асуудлаа эрхэм гишүүн О.Батнасанд тайлагнасан юм.

Ард иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг  чанартай, хүртээмжтэй хүргэж, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх замаар иргэдийн эрүүл мэндийн байдалд чанарын  ахиц гаргах зорилготой ажилладаг Үенч сумын Эрүүл Мэндийн төв нь 23 ажилтантай. 12 ширхэг ортой аж.

Алслагдсан бүсэд орших  Үенч суманд  Хүүхдийн шарлалт өвчин их гардаг учраас эмнэлэгийн тоног  төхөөрөмжийг нэмэгдүүлж шарлалт өвчний аппарат Photo инкубатор, нярайн инкубатор, нярай дулаацуулах ортой болохыг энэ тэргүүнд хүсч буйгаа илэрхийлсэн юм. Мөн  эмнэлгийн орны тоо хангалтгүй учраас өвчтөнөө газраар хэвтүүлдэг, үүнд иргэд гомдоллох тохиолдол  олон гардаг  учраас  орны  тоог нэмэгдүүлж өгөхийг УИХ-ын гишүүн О.Батнасангаас  хүссэн юм.  Эрхэм гишүүн  эдгээр  хүсэлтийг  албан бичгээр хүлээн авч шийдвэрлэх болно гэв.

Үүнээс гадна Үенч сумын Эрүүл Мэндийн  төв  эмнэлэгийн шинэ машинтай болоод удаагүй байна. Шинэхэн пургон машинтай болоход  нь  УИХ-ын гишүүн О.Батнасан томоохон дэмжлэг  үзүүлсэнд  эмнэлгийн  хамт  олон  талархал илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар тус эмнэлгийн тасгийн  үйл ажиллагаатай танилцаж, хэвтэн эмчлүүлж буй иргэдтэй уулзан гарын бэлгээ гардуулан өгсөн юм.

А.Бямбасүрэн

Related news