"Наран хөвүүн хан" туулийг бүрэн эхээр нь хайлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-23 18:41:46

Ховд /МОНЦАМЭ/. Сар шинийн өмнө Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёслол хүндэтгэлийн өргөөнд Жилкэрийн дөрөв дэх үeийн туульч МУСТА Н.Дамдиндорж "Наран хөвүүн хан" туулийг бүрэн эхээр нь хайлав.

Ховд аймагт анх удаа Алтайн урианхайн тууль хайлах санаачилгыг сар шинийг бэлгэдэн тууль судлаач, түүхийн ухааны доктор М.Ганболд санаачилсныг Ховд аймгийн ИТХ, ЗДТГ талархан дэмжиж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар болон хэлтэс агентлагийн дарга нар хүндэтгэл үзүүлж  оролцсон байна.

“Наран хөвүүн хан” тууль хайлах ёслол оройн 6 цагаас эхэлж, шөнийн 01 цаг 30 минут хүртэл үргэлжилжээ. Энэ ёслол анх удаа болж байгаа нь онцлог бөгөөд ирж буй Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийг угтаж, Ховдчууддаа аз хийморьтой, юу санасан есөн цагаан хүсэл биелэхийн ерөөлийг уг тууль хайлах ёслолоор бэлгэдсэн байна. Тууль хайлах ёслолын дэг жаяг эрт үеэс ард түмнийхээ амар амгалан, сайн сайхан аж амьдралыг бэлгэдэж хайлж ирсэн уламжлалтай юм байна.

Уг туулийг хайлсан МУСТА туульч Н.Дамдиндоржид Ховд аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, тавгийн идээ, мөнгөн шагналаар урамшууллаа.

А.Бямбасүрэн

Related news