“Морин хуур-2017” наадмын гран при шагналыг дуучин Э.Анхбаяр хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадам энэ жил 30 дахь жилдээ шилдгүүдээ тодрууллаа.
Энэ удаагийн наадамд оны шилдэг дуугаар “Тэнэгэр их тал” дууг тодруулж, Гранпри шагнал хүртээв. Яруу найрагч Н.Баянмөнхийн шүлэг, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хөгжим энэхүү бүтээлийг УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаяр олны хүртээл болгосон юм.
Харин нэгдүгээр байрт шагналыг хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын хөгжим, яруу найрагч Х.Чилаажавын шүлэг “Гэгээн нутаг” дуу шалгарчээ. Энэ дууг МУГЖ У.Далантай дуулж, олны сонорт хүргэсэн билээ.
Хоёрдугаар байранд хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэнгийн ая, яруу найрагч Ч.Нандинцэцэгийн шүлэг “Аавтай орчлон”, гуравдугаар байрын шагналыг хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын ая, яруу найрагч Б.Цэрмаагийн шүлэг “Ийм л сайхан” дуу тус тус хүртлээ.
Энэ жилийн наадамд ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО зэрэг Монгол угсаатан уран бүтээлээрээ өрсөлдсөн юм.
Ж.Болор