Жижиг оврын машинууд цасанд боогдох үзэгдэл ихэсч байгааг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-02-24 15:21:39

Ховд  аймгийн цаг  үеийн  нөхцөл байдал,  байгууллагуудын авч  хэрэгжүүлж  буй  арга  хэмжээ,  үйл ажиллагааны  талаар  мэдээлэл  солилцох  зорилготой   аймгийн Удирдах  ажилтнуудын шуурхай  зөвлөлгөөн  уламжлалынхаа  дагуу  02 сарын 21-ний өдөр боллоо.

Шуурхай зөвлөлгөөнийг  аймгийн  Засаг даргын орлогч Ч.Уранчимэг  удирдан явуулж  Монгол түмний уламжлалт сар шинийн баярын хөтөлбөрийг танилцууллаа. Сар шинийн баярт  зориулсан  хүчит  бөхийн барилдаан  02 сарын 25-ны өдөр  зохион  байгуулагдана.  Баярын нээлт  15 цагт  Биеийн  тамир Спортын газарт  болох юм. Шуурхай дээр   аймгийн  ОБГ-ын дарга, Онцгой Байдлын ахмад Б.Алтанбадралт  2017 оны 02 сард  Ховд аймагт  тохиолдсон  гамшиг, аюулт  үзэгдлийн  нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. 

Тус мэдээллээс онцлоход, Жижиг суудлын автомашинууд цасанд боогдох үзэгдэл их гарч байна. 02 сарын 20-ны шөнийн 01 цаг 44 минутанд Булган сумын төвөөс 10 км зайд Баян-суудал багийн “Загийн  улаан” гэдэг газарт Сrown  маркийн  ХОА 15-50 улсын дугаартай  машин цасанд суусан гэдэг мэдээллийн дагуу 11 цагт Ахлах дэслэгч Б.Батсүхээр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг газар дээр нь очиж ажиллажээ.

Булган сумын Алагтолгой багийн Гүнзуух  хэмээх  газарт  10 жижиг  суудлын  автомашинтай  40 гаруй  иргэн  цасанд боогдсон мэдээллийн дагуу Ахлах дэслэгч Б.Энхсайханаар ахлуулсан  5 хүний бүрэлдэхүүнтэй  шуурхай  бүлэг  газар  дээр нь очиж ажиллаж  байна. Мөн Ахлах дэслэгч Б.Энхсайханаар ахлуулсан шуурхай бүлэг Ховд, Говь-Алтай, Булган сумын чиглэлд явж байсан  46 авто машинтай  232  иргэн цасанд боогдсон байсныг олж тусламж үзүүлсэн  байна. 

А.Бямбасүрэн

Related news