“Ай Ти Би Берлин 2017” -д оролцож буй 186 орноос Монголын үзэсгэлэнгийн нээлтэд онцолж оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-03-09 12:46:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Берлин хотноо 51 дэх удаагаа зохион байгуулж буй “Ай Ти Би Берлин 2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, тус яамны сайдын зөвлөх Д.Гансүх, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх,  ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Болор нараар ахлуулсан албаны төлөөлөл оролцов.

Түүнчлэн ХБНГУ-ын Берлин хотын дарга ноён Михайл Мюллер, ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ирис Глайке, “Мессэ Берлин” компанийн дарга Кристиан Гёке, ХБНГУ-ын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Михайл Френцэл, ХБНГУ-ын аялалын холбооны Ерөнхийлөгч Норберт Фийбиг болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиб Рифай нар болон дэлхийн 186 орны 10 мянга гаруй аялал жуулчлалын аж ахуйн нэгж оролцож буй тус үзэсгэлэнгээс Монгол Улсын үзэсгэлэнгийн талбайн нээлтэд онцолж оролцсон нь чухал ач холбогдолтой байлаа.

Мөн үзэсгэлэнд Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр тэргүүтэй ажлын хэсэг болон МИАТ ХХК, "Ger to ger", "Great Chinghis Expedition", "Tsolmon Travel", "Juulchin", "New Juulchin", "Nature Tour", "Ar Mongol Travel", "Star Mongolia" зэрэг компаниуд Монгол Улсыг олон улсын аялал жуулчлалын салбарт сурталчлан таниулах үүрэгтэй оролцлоо.  

Үзэсгэлэнгийн үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын “Тогтвортой аялал жуулчлал ба Торгоны зам дагуу нутгийн иргэдийн оролцоо” сэдэвт Торгоны замын сайд нарын VII уулзалтsu амжилттай зохион байгуулжээ гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Ж.Болор

 

Related news