Хотон шувуу зусаж, үр төлөө авдаг цорын ганц өлгий бол Хар-Ус нуур

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-10 09:59:39

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутагт Монголын Их нууруудын хотгор дахь цэнгэг уст нуур Хар–Ус нуур бий. Хар-Ус нуур Энэ нуур Монгол орон төдийгүй Ази тивийн “шувуудад тааламжтай нутаг”-т багтдаг юм.

Байгалийн олон саыхныг цогцлоосон үзэсгэлэнтэй, бас олон улсын ач холбогдол бүхий Хар ус нуурыг тойрон аялал жуулчлал хөгжүүлэх бодлого хөгжүүлж, Хар ус нуур тойрон амьдардаг Ховд аймгийн Буянт, Мянгад, Чандмань, Дөргөн, Манхан зэрэг сумдын малчид,иргэд нуур усаа хамгаалах, бэлчээрийн доройтлоос сэргийлэх олон хэлбэрийн ажлыг төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.

Ховд аймгийн “Их нууруудын хотгор”-ын төв хэсгийн цөмийг бий болгодог Хар ус, Хар, Дөргөн гэсэн гурван том нуур Хар ус нуурын байгалийн цогцолбор газарт бүхлээрээ хамрагдана. Эдгээр нуурыг усаар хангадаг гол судас нь Ховд, Буянт гол юм.

Энэ хоёр гол Монгол Алтайн нуруунаас эх авдаг голуудын усыг савлан нэгтгэсээр, түүнийгээ Хар ус нуурт юүлдэг. Энэ том гол, нуур нь Монгол орны нутаг дэвсгэрээс гадагшаа гарч урсдаггүй, зөвхөн монголчууд бидний газар нутагт савлагдан үлддэг онцлогтой. Бас давстай, давсгүй том нуур, голыг хамтатгасан усны бүрэн бүтэн тогтолцоо энд оршдог. ”Орцтой, том савтай, гарцтай амьд тогтолцоо” энэ цогцолбор газарт оршдогоороо Монгол орны бусад тусгай хамгаалалттай газраас ялгаран харагдах гайхам онцлог юм. Усны энэ амьд тогтолцоог бий болгосноор усны амьтад,усыг шүтэн амьдардаг амьтадын цогцолбор бий болсон. Амьдралыг тэтгэдэг, бий болгодог усан эрдэнийг хадгалан хамгаалах нь энэ тусгай хамгаалалтай газрын нэгэн зорилго юм.

Хар ус нуурын цогцолбор газар ийм алдартай усан сангийн цогцолбор чуулсан  нутаг  учраас ус дагасан усархаг, намгархаг газар, зэгс, шагшуурган шугуй, гол нуурын эрэг орчмын ширэг, татмыг үүсгэсэн ургамлын баялаг бүлгэмдэл цогцлон оршдог.

Товчоор хэлбэл ургамлын аймгийн олон янз байдал, нөөцөөрөө бас гайхам.  Ургамлын олон янз байдал, нөөц ургамал нь идэшт хэдэн  зуун зүйлийн өч төчнөөн сая амьтны амьдралыг тэтгэдэг онцлогтой, идэшт амьтадын иж бүрэн цогцолборыг бий болгодог. Иймээс ургамлын аймгийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах явдал энэ тусгай хамгаалалттай газрын бас нэгэн зорилго болон тавигддаг. Монгол Улсын хэмжээнд зөвхөн энэ цогцолбор газарт байдаг сонирхолтой олон зүйл амьтан байна. Хотон шувуу өндөглөн зусаж үр төлөө авдаг цорын ганц өлгий энд оршдог. Цагаантолгой, ямаан сүүл хэмээн нэрлэгддэг нэгэн зүйл нугас зөвхөн Хар ус нуурт оршино. Ой модонд биш, говь, цөл нутгийн ус, зэгс, шагшуурга, голын шугуй даган амьдардаг зэгсний гахайн цөм энэ цогцолборт бас нэг гайхам. Энэ мэт олон байгалийн сайхан цогцлоосон бий. Тийм учраас олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцийн жагсаалтад орсон байдаг.

А.Бямбасүрэн

Related news