"Өөлдийн таван шүтээн"-ий тахилга болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-13 09:51:19

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд амьдран суудаг өөлдүүд  ямар нэг үйл явдал, баяр мөч, сайн муу үйл болох үед “ Ээ таван шүтээн” хэмээн одоо ч залбирдаг. Өвөг дээдсээс уламжлан ирсэн шашны зан үйл “Таван шүтээн тахих  ёслол” энэ сарын 15,16-нд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд болох гэж байна.

Энэ үеэр Майдар хөгжөөж маанийн уншлага хийх ба сумын таван багийн морьдын уралдаан, морь цоллоочдын аймгийн уралдаан зохион байгуулах юм.

Гандантэгчилэн хийдийн Дашчоймбол дацангийн өвгөн лам гавж Тольтон бургуд Цэгмэдийн Лувсан 2012 онд 98 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж бурханы оронд заларсан билээ. Тэрээр манай дацангийн лам, шавь нарын хайр хүндэтгэлийн орон болсон гайхамшигт буурлуудын сүүл болон үлдсэн ачтан бөгөөд дацангийн чойрын зан үйл түг, торчой, домын хурал, лянх мордох зэрэг онцгой хурал зан үйлийг удирдан заан зөвлөдөг байжээ.

Өөлдүүд хар хятадтай дайтаж явахдаа арван шүтээнээ авч явжээ.Тэгээд хүний олонд хүчин мөхөсдөөд эргэж явахдаа Архангайн Өлзийтэд нэг хэсэг нь үлдэж, бусад нь цаашаа явж Говь-Алтайн Шаргад зарим нь хоцорч, үлдсэн хэсэг нь Ховдод иржээ. Энэ үед Өөлдийн ноён ах дүү Дамбий гүн Дагдан бэйс гэж байсны дүү Дагдан бэйсийнхэн Архангайд үлдэж /арван сахиусын хамт/ ах Дамбий гүнийхэн Ховдод ирж нутагшжээ. Хэдэн жилийн дараа Дамбий гүн дүүдээ элч илгээж арван шүтээний ахмад тавыг нь ахдаа өг гэжээ. Тэр ч зөвшөөрчээ. Ингээд Дамбий гүнийхэн ирж бурхадаа авахаар урьд өдөр нь даатгал хийж ном уншжээ. Өглөө нь Лхам, Гомбо, Чойжоо, Намсрай, Жигжид таван бурхан баруун тийш харсан байсныг Дагдан бэйсийнхэн сэм Жигжид бурханыг өөрийн тал руу харуулаад тавьжээ. Ингээд л дөрвөн бурханаа авч явсан хэрэг. Тэр үед Ховдод байсан Барь-хамба өөрийн Жигжид бурхнаа өгч таван шүтээн бүрэн болсон гэнэ лээ.

Өөлдийн таван шүтээн нь нэг үе Шар сүмд залагдаж байгаад одоогийн Ховд сумын нутаг Хорчингийнхойд хөвөөн дээр /Эвдэрхийн урьд/ байдаг дуганд байжээ. Тэр дуган нь том модон гэр дотор нь хивсэн бүрээстэй гэр байсан юм. Тэр маш гоё хивсэн бүрээсний зургийг Хайнзан гэдэг лам зургийг нь гаргаад Лхамсүрэн залан Үрэмчид захиалж хийлгээд авчирсан гэдэг. Таван шүтээнийг Шагдаржавын Чулуун гэдэг хүн хурааж аваад /1937-38 оны үед/ тэр хүнээр дамжин Улаанбаатар хотод ирсэн. Гандан хийдэд хурал ном сэргэхэд Эрдэнэпил хамба тэр таван шүтээнийг үзээд /музейд ч байсан байж магадгүй/ авъя гэсэн. Тэгээд тусгай зөвшөөрөл авч Гандангаас Галосарид, Галсан гэдэг хоёр лам явж авчирсан гэдэг.

А.Бямбасүрэн

Related news