Цэрэг спортын “Дөл” тоглолтод Жаргалант сумын сургууль түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-14 09:53:01

Ховд /МОНЦАМАЭ/ Зэвсэгт  хүчний  байгууллагын  96 жилийн ой баяр”-ыг  угтаж Ард иргэдэд  Батлан хамгаалах салбар  Зэвсэгт  хүчнийг  сурталчлах,  Өсвөр  үеийнхэнд  Цэрэг, Эх  оронч  хүмүүжил  олгох зорилготой  Цэрэг спортын   “Дөл” тэмцээн  03 сарын 12-13-ний  өдрүүдэд  Ховд аймагт  амжилттай  зохион байгуулагдлаа.

Жил бүр  зохион явагддаг  Цэрэгжилт  спортын  “Дөл” тэмцээнийг  Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог,  БСУГ, Цэргийн штаб, аймгийн Залуучуудын  холбоо  хамтран  зохион  байгуулсан юм.  Тус  тэмцээн  9 төрлөөр  Ерөнхий боловсролын  долоон  сургуулийн  140 гаруй  сурагчдын  авхаалж  самбаа,  хурд, хүч,  авъяасыг 2 өдрийн  турш  сорьсон юм.  Тэмцээнд   ЕБ-ын  7 сургуулийн баг  тус  бүр  21 сурагчийн бүрэлдэхүүнтэй  оролцов.

Эхний  өдөр  Зэвсэгт хүчний 123 дугаар анги дээр 2 километрийн  мини маршийн гүйлтийн  тэмцээн болсон ба  саадын зурваст  гүйх, мөлхөх, дүүжин саад  давах, окоп  дээгүүр  харайх,  байр зүйн  болон бэлтгэл зүйн норматив биелүүлэх  зэргээр  багууд  өрсөлдсөн  юм.  Дараа нь  Химийн нормативийг биелүүлж хорт хийтэй орчинг туулсан байна. Мөн эрэгтэй  сурагчид   25 метрт,  эмэгтэй сурагчид 20 метрт гранат шидэж өрсөлдлөө.

Харин хоёр  дахь  өдрийн  тэмцээн  Галдан бошогт хааны талбай дээр өрнөж жагсаал болон гардан тулааны үзүүлэх тоглолт, биеийн тамир гэсэн 3 төрлөөр багууд өрсөлдлөө.  Тэмцээний шүүгчээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Штабын даргаар ахлуулсан  мэргэжлийн албан хаагчид томилогдон ажиллаж эцсийн дүнг танилцуулж 7 байр шалгаруулсан юм.

Цэрэг спортын “Дөл” тэмцээний нэгдүгээр байранд 9 минут 58 секунтын хугацаанд  даалгавараа гүйцэтгэсэн амжилтаар 6 дугаар сургуулийн баг шалгарлаа. Харин  хоёрдугаар байранд  13 минут  3 секундийн  амжилтаар  3 дугаар сургууль,  гуравдугаар байранд  7 дугаар сургууль,  дөрөвдүгээр байранд  Цаст-Алтай сургууль,  тавдугаар  байранд  2 дугаар сургууль, зургаадугаар байранд лаборатори 1 дүгээр сургууль, долоодугаар байранд  Прогресс  сургуулийн баг  тус  тус шалгарсан юм.

Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын Орон нутгийн  хамгаалалт  сургалтын офицер дэд  хурандаа Б.Ганхуяг: “Энэхүү  тэмцээний эхний 3 байранд шалгарсан  багийн сурагчдыг  дахин сорьж  09 сард болох Цэрэг  Спортын  Улсын  Аварга  шалгаруулах  тэмцээнд  аймагаа  төлөөлөн  оролцох   нэг  шилдэг  салааг  шигшин гаргаж ирэх  болно.  Мөн Ирэх  жил  зохион байгуулах Цэрэг спортын “Дөл” тэмцээнд аймгийн 17 сумын ЕБС-ийн сурагчдыг  оролцуулахаар  төлөвлөсөн. Ингэхдээ сумдыг  бүсчилсэн байдлаар өрсөлдүүлнэ. Бүсээс  шалгарсан  багууд  аймагт  ирж  өрсөлдөх болно”  хэмээв.

А.Бямбасүрэн

Related news