Жолооч нарын эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг дэмжих төслийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-20 18:55:37

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хил болон уурхайн бүсэд “Ачааны машины жолооч нарын эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг дэмжих” төслийг хэрэгжүүлэх гэж байна.

Хил болон уурхайн бүсэд шилжин суурьшсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төслийг хамтран хэрэгжүүлж буй орон нутгийн хамтарсан багийн зөвлөлдөх уулзалтаар энэхүү төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага Экпат Монгол үндэсний сүлжээ, "Хүйсийн тэгш эрхийн төв" ТББ-ууд хамтран Европын холбооны санхүүжилтээр “Хил, уурхайн бүсэд шилжин суурьшсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төсөл”-ийг хоёр дахь жилдээ тус аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо, Манлай, Дорноговь аймгийн Замын-Үүд сумдад хэрэгжүүлж байгаа ажээ.

Тэгвэл 2017 онд дээрх сумдад “Ачааны машины жолооч нарын эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг дэмжих” төслийг хэрэгжүүлэх бөгөөд  хилийн боомт, уул уурхайн бүсэд тээвэрлэлт хийдэг нүүрс тээвэрлэлтийн жолооч нарын аюулгүй байдал, хүний эрхийг хамгаалах талаар тээвэр, уул уурхайн компаниудад зөвлөмж хүргүүлэх юм байна. Мөн мэдээллийн аян зохион байгуулж шилжин суурьшигчид болон ачааны машины жолооч нарт хүний наймаа, хөдөлмөрийн мөлжлөг, эрүүл амьдралын зөв зан үйлийн мэдлэг олгох ажээ.

Д.Мишигсүрэн

Related news