Цогтцэций суманд Авто тээврийн үндэсний төв салбараа нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-20 20:08:53

Өмөнговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Авто тээврийн үндэсний төв салбараа нээжээ.

Тус суманд салбараа нээснээр автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх, мотоциклийг шинээр бүртгэж, улсын дугаар олгох, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулах, автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох зэрэг үйлчилгээг иргэддээ үзүүлэх юм.

Энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан бодит ажил боллоо гэж иргэд үзэж байна. Тус салбарын нээлтэнд Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Ж.Эрдэнэбаатар, Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч, Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн дарга С.Мөнх-Эрдэнэ болон албаны хүмүүс оролцлоо. Мөн энэ үеэр үйлдвэрийн газрын мэргэжилтэн, техникийн хяналтын үзлэгийн инженерүүд  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Тус суманд уул уурхайгаа дагаад нүүрс тээвэрлэлтийн болон бусад авто машины хөдөлгөөн, иргэдийн шилжилт хөдөлгөөн эрчимтэй өсөж буй энэ үед автотээврийн салбар байгуулсан нь тухайн орон нутаг, сумдын өөрийн онцлог давуу талд тулгуурлан үйл ажиллагаа явуулах, хяналт тавих, иргэдэд автотээврийн нэг цэгийн үйлчилгээг түргэн шуурхай, цаг алдалгүй үзүүлэх боломж бүрджээ.

Автотээврийн үндэсний төв нь Улаанбаатар хотод болон 21 аймагтаа мөн Замын-Үүд суманд нэг  гээд нийт улсын хэмжээнд 26 салбартай ажээ.

Д.Мишигсүрэн

Related news