Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гурвалсан гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-21 15:14:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч Ч.Уранчимэг, Эрүүл мэндийн газрын дарга н.Мягмарсүрэн нар Жаргалант суманд байрлах 6, Булган сумын 1 өрхийн эмнэлэгтэй Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор гэрээ байгууллаа.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 1-р сард гарсан тушаалаар өрхийн эмнэлгийн удирдлагатай хийх гэрээ нь шинэчлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл аймгийн удирдлага, Эрүүл Мэндийн Газрын дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага гэсэн гурвалсан гэрээг байгуулж, хамтран ажиллахаар болсон юм. Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа сайн байх нь баруун бүсийн хамгийн том эмнэлэг болох БОЭТ-ийн ачаалал буурах, иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд  чирэгдэл багатай, түргэн шуурхай авах гэх мэт олон давуу талтай.

Гэтэл сүүлийн жилүүдэд Ховд аймагт өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа сул байгааг судалгаанд оролцогчид” ард иргэдэд ихээхэн чирэгдэл учруулж байна” гэж дүгнэжээ. Хэдий өрхийн эрүүл мэндийн төвүүд мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангагдсан ч ажиллах сэтгэл дутуу байгаа нь анзаарагдаж байна. Тиймээс цаашдаа өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд нэлээд анхаарч ажиллах төдийгүй, хангалтгүй  ажиллаж байгаа зарим Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагатай хатуу хариуцлага тооцож ажиллахаа энэ уулзалтын үеэр аймгийн салбар хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг анхаарууллаа.

А.Бямбасүрэн

Related news