Дундговь аймаг газар хөдлөлтийн идэвхижил өндөртэй бүсэд багтдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь лхагва гарагийг Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх,таниулах өдөр болгосон. Өнөөдөр энэ өдрийн анхных нь тохиож байгаа юм.
Энэ өдөр газар хөдлөлтийн аюул гамшиг, түүнээс урьдчилан сэргийлэх, тулгараад ирсэн үед өөрийгөө, гэр бүлээ хэрхэн аварч хамгаалах талаар богино хэмжээний видео зөвлөмж, баримтат киног Онцгой байдлын газар болон Газар хөдлөлтийг бүртгэх Мандалговь станц орон нутгийн телевизээр иргэдэд хүргэв
Дундговь аймгийн хувьд газар хөдлөлтийн 7 балл буюу идэвхижилт өндөртэй бүсэд багтдаг. 1998, 2010 онд Дэрэн, Дэлгэрцогт сумын зааг нутагт 5.6 баллын хүчтэй газар хөдлөлт болж, тухайн үед зэргэлдээ сум, аймгийн төв болон Улаанбаатар хотод чичирхийлэл мэдрэгдэж байсан. Хамгийн сүүлд энэ оны 2 дугаар сарын 22, 24- ны өдөр Сайхан- Овоо сумын төвөөс хойш 30 гаруй км- т 4.2-4.5 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд энэ нь мэдрэгдэхүйц хүчтэй, хүчтэйд тооцогдох газар хөдлөлт байжээ. Тус аймгийн газар нутаг чулуулаг бус зөөлөн, шаварлаг хөрстэй учраас сэвсгэр хурдац ихтэй гэж тооцогддог байна. Өөрөөр хэлбэл, энэ нь газар хөдлөлтийн чичирхийллийн хүчийг нэмэгдүүлдэг гэсэн үг юм.
Газар хөдлөлтийн идэвхижилт өндөртэй бүсэд багтдаг учраас Засгийн газрын тогтоолоор газар хөдлөлтийг бүртгэх Мандалговь станцыг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Дундговь аймаг дахь салбар болгож 2014 онд байгуулсан. Тус станцын төв аймгийн төвд байршиж, газар хөдлөлтийг бүртгэх өргөн зурвасын станцыг аймгийн төвөөс урагш хорь гаруй км- т орших Хүрхийн хад хэмээх газрыг сонгож суурилуулсан байна. Мандалговь станцын дарга Р. Ундармаагаас үйл ажиллагааны тухайд тодруулсан юм. Тэрээр хэлэхдээ, Хүрхийн хадан дахь станц нарны гэрлээр цэнэглэгдэн тэжээгдэж, станцаас радио модемоор мэдээлэлээ авч боловсруулдаг гэлээ.
Энэ станцад жилд 10 мянгаад чичирхийлэл бүртгэгддэг бөгөөд энэ нь зөвхөн Дундговийн газар нутагт бус Монгол орон, цаашлаад дэлхийн газар нутгийн хаанаас ч хүчтэй газар хөдлөлтийг чичирхийлэл бүртгэгддэг байна.
Мөн Дэрэн, Дэлгэрцогт сумын нутаг, Улаанбаатар, Дундговийн хооронд Төв аймгийн Баянцагаан сумын нутагт амжиж анхааруулах 4 станц суурилуулсан. Энэ нь чичирхийлэл бүрийг бүртгэхгүй. Маш хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн үед тэр дохиог ОБЕГ- т илгээнэ. Дэрэн, Дэлгэрцогт сумын зааг нутагт Дэрэнгийн хагарал гэдэг хүчтэй газар хөдлөлтийн голомт бий. Энэ голомт идэвхижиж байгаа тул амжиж анхааруулах станцыг энд суурилуулсан байдаг гэлээ.
Т. Отгонтуяа