Ази Номхон далай бүсийн скаутын жемборид Дундговиос 100 хүүхэд оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь/МОНЦАМЭ/ Ирэх зун Монгол Улсад болох Ази Номхон далайн бүсийн скаутуудын 31- р жемборид Дундговь аймгаас 100 хүүхэд оролцоно. Дэлхийн 30 гаруй орны хүүхэд залуучууд хүрэлцэн ирж оролцох энэ томоохон үйл ажиллагаанд хүүхдүүдээ оролцуулахад зохион байгуулалт болоод бусад дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ илэрхийлжээ.
Жембори ирэх долдугаар сарын 27- ноос наймдугаар сарын 2- ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болно. Дэлхийн 30- аад орноос 2 мянга гаруй, Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс 4 мянган хүүхэд, залуус нэгэн дор цугларах бөгөөд тэд үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа амьдарч, хөгжилдөж, бие биеэсээ суралцаж, цаашид байнгын харилцаа холбоотой байж насан туршийн найз нөхөд болох алхмаа эхэлнэ.
Ази,номхон далайн бүсийн хэмжээнд дөрвөн жилд нэг удаа болдог энэ томоохон үйл ажиллагаа эх оронд нь болох гэж байгаа энэ завшааныг алдалгүй өөрийн аймгаас хүүхдүүдээ оролцоход нь тусална гэдгээ Засаг дарга ийн илэрхийлсэн байна.
Т. Отгонтуяа