Удирдах ажилтнууд нийгмийн эрүүл мэндийн асуудлаар зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-24 10:57:32

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас 2017 оныг  “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан тус аймгийн эрүүл мэндийн салбарын хүрээн дэх  хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлаа уялдуулах, харилцан туршлага судлах зорилготой “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2017” удирдах ажилтны зөвлөлгөөнийг  энэ сарын  23-25-ны өдрүүдэд  аймгийн ЗДТГ-ын   хурлын тахимд   зохион байгуулж  байна. 

Хамтын ажиллагааны уулзалтыг Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллага, Норвегийн тусламжийн байгууллагын “Эрүүл Мэндийн Анхан Шатны Тусламж  Үйлчилгээг  Бэхжүүлэх-2” төсөл, Монос  группын  хамтран зохион байгуулж байгаа юм.

Тус  зөвлөлгөөнд  аймгийн  17 сумын Засаг дарга, сумдын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмч нар, БОЭТ-ийн тасгийн эрхлэгч нар, Бусад хамтрагч байгууллагын төлөөлөл болон харъяа байгууллагын холбогдох албан тушаалтнууд, аймгийн ЭМГ-ын хамт олон зэрэг нийт  80 гаруй хүн оролцож байна.

Энэхүү зөвлөлгөөний зорилт нь Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хийгдэх ажлын чиг үүргийг тодорхойлох, харилцан туршлага солилцох, Эрүүл мэндийн салбарын хүрээнд хамтрагч талуудын оролцоог нэмэгдүүлэх, оролцогчдыг шинэ мэдээ, мэдээллээр хангахад  чиглэж байлаа.

Зөвлөлгөөний үеэр  ЗДТГ-ын НХХ-ийн ахлах  мэргэжилтэн С.Дорж, ЭМГ-ын даргын үүргийг  түр орлон гүйцэтгэгч Ц.Мягмарсүрэн, ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Б.Оюунтунгалаг, ЭМГ-ын ХШҮМХ-ийн дарга Д.Дэлгэрбаяр, ЭМГ-ын ЭТҮХ-ийн дарга Д.Оюунцэцэг, ЭМГ-ын УТСХ-ийн дарга Ц.Мөнхцэцэг  нар  чиглүүлэгч,  илтгэгчээр оролцоо.

Илтгэгчид “Аймаг, орон нутгаас Эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлого”, “ЭМ-ын салбарын өнөөгийн байдал, цаашдын  зорилт”, “Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, шилдэг  эрүүл мэндийн байгууллага  шалгаруулах  журам”,  Эх  хүүхдийн өвчлөл, эндэгдэл, тулгамдаж  буй асуудал, “Эх хүүхдийн ээлтэй тусламж үйлчилгээ” дэд хөтөлбөр, “Эрүүл мэндийн салбарын 2016 оны төсвийн гүйцэтгэл, өр авлага” сэдвүүдийн хүрээнд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “Дэлхийн Зөн” ОУБ-ын Эрүүл Мэндийн төслийн зохицуулагч Д.Нямжаргал ЭМ-ийн байгууллагуудтай хамтран ажилласан ажлын үр дүн, санхүүжилтийн  талаар  мэдээлэл хүргэлээ.  

Түүнчлэн 17 сумын Эрүүл мэндийн төв болон Булган, Буянт, Баатархайрхан, Бугат,  Жаргалан, Рашаант багийн Эрүүл мэндийн төв тус бүр тэргүүн туршлагаасаа хуваалцаж харилцан  суралцсан  юм.  Зөвлөлгөөний  үр дүнд  Эрүүл мэндийн салбарын  эмч, ажилтангууд  “Эмгүй  эмчилгээ”-г  чухалчлах, эмийн  зардлын зөв  зохицуулалт хийх, эрүүл мэндийн  тусламж үйлчилгээ  болон  төсөв  санхүүжилтийг  ил болгох, ТББ, ИНБ, ОУБ, Иргэд олон нийтийг   ЭМБ-ын үйл ажиллагаанд татан оролцуулах, иргэдийг өвчлөлд өртөхөөс урьдчилан  сэргийлэх, эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн шинэ санаачлага,  туршлагтай болж чадлаа.

А.Бямбасүрэн

Related news