Үндэсний сонгодог бүжгийн жүжгийн 30 жилийн ойн тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-03-24 15:09:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын тайзнаа тус театрын шилдэг уран бүтээлчдийн нөр хөдөлмөрөөр 30 жилийн өмнө бүтсэн ”Үйлийн гурван толгой” бүжгийн жүжгийн хүндэтгэлийн тоглолт энэ сарын 25-нд  болно.

Энэ удаагийн тоглолтод гол ба туслах дүрүүдэд бүжиглэж байсан ахмад болон дунд үеийн алдартай уран бүтээлчид оролцох  юм. Тухайлбал, Нансалмаад МУГЖ Г.Цолмон, Юндэнд СТА С.Ганбат, Балганд МУГЖ Х.Мөнгөнхөлөг, Хоролмаад СТА Р.Байгалмаа нар дахин үзэгчдийн мэлмийг мялаах нь.

Тус сонгодог бүжгийн манай дуурийн театрын тайзнаа 1987 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, УГЗ Б.Жамьяндагвын дэглэлт, С.Сүндэдийн удирдлагаар тоглож, тайзны зураачаар Л.Гаваа ажиллаж байв. 

Уг бүтээлийн хөгжмийг МУГЖ Ж.Мэнд-Амар Үндэсний хөгжимд зориулан бичсэнийг 2007 онд УГЗ В.Боролдой симфони найрал хөгжимд хөрвүүлсэн байдаг.

Тус балетын гол дүрээр Юндэнд МУГЖ Ж.Намнанбаяр, О.Батсайхан, Нансалмаад СТА Н.Эрдэнэцэцэг, МУГЖ Х.Гэрэлчимэг, Хоролмаад ардын жүжигчин Ю.Оюун, МУГЖ Х.Баярманлай, Балганд МУГЖ С.Отгонням, Д.Батхүрэл, худалдаачинд Ардын жүжигчин О.Ганбаатар, Ц.Жаргалсайхан нар бүжиглэж үзэгч олны талархлыг хүлээсэн юм.

Ж.Болор

Related news