Орон нутгийн авто замын хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-24 17:47:46

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт цаг агаарын байдал зарим сумдад гамшгийн хэмжээнд хүрч байгаа учир орон нутгийн авто замын хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хязгаарлалаа.

Тус аймагт их хэмжээний цас орсны улмаас өнгөрсөн хоёр өдөр замын хөдөлгөөнийг хязгаарлалсан байсан бол өнөөдөр хот хоорондын автозамын хөдөлгөөнийг нээж, орон нутгийн замын хөдөлгөөнийг маргаашийн 10 цаг хүртэл хязгаарласан байна.
"Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн замд халтиргаа гулгаа үүссний улмаас уурхайгаас урагших замд 300 орчим нүүрс тээвэрлэлтийн автомашиныг саатуулан уурхайгаас 45 километрт байх гэр гуанзууд руу татаж байгаа. Цагаан хадны орчимд мөн 700 орчим машин саатуулан Цагаан хад руу татаж байна. Энд автомашины хурдыг хязгаарлан заасан цэгт хүргэхээр замын цагдаагийнхан үүрэг гүйцэтгэж байна. Хоёрдугаар постоос дөрөвдүгээр пост хүртэлх замыг огт хорьсон" гэж Өмнөговь аймгийн цагдаагийн газрын дарга Цагдаагийн хошууч Г.Наранбаатар хэллээ. 

Мөн цаг агаарын хүндрэлээс болж Оюутолгой Даланзадгадын чиглэлийн нислэг хойшлон өнөөдөр орой 18 цагт буухаар болсон байна.

Д.Мишигсүрэн
 

Related news