Энэтхэг бүжгийн улсын уралдааны шилдгүүд тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн ордон, БНЭУ-ын ЭСЯ, Монгол дахь Энэтхэгийн соёлын төв хамтран зохион байгуулдаг “Ганга мөрний уянга” Энэтхэг бүжгийн 20 дахь удаагийн улсын уралдаан өчигдөр болж, шилдгүүдээ тодруулав.
Уралдаанд 9 аймаг, 4 дүүргийн нийт 200 гаруй хүүхэд багачууд ур чадвар, авъяас чадвараа сорин өрсөлдлөө. Бага, дунд, ахлах насны ангилалд гоцлол, хамтлаг бүжгийн төрлөөр зохион байгуулсан тус уралдааны "Шилдэг хамтлаг"-аар Булган аймаг Хялганат сумын “Хараацай” хамтлаг, "Шилдэг бүжигчин"-ээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сурагч Ц.Энхсаран нар шалгарч цомын эзэд болов.
Уралдааны шүүгчээр БНЭУ-ын Элчин сайдыг төлөөлөн хатагтай Рамачандра, МУГЖ, бүжиг дэглээч Ц.Чимэдцэрэн, ХБК-ийн бүжгийн багш МУСТА А.Хосбаяр нар ажилласан юм.
Ж.Болор